“Өнөөдрийн байдлаар 200 гаруй ил задгай худалдааг зогсоосон”

Мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд 3,200 гаруй худалдаа үйлчилгээний газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг хийжээ.

Энэ талаар МХЕГ-ын Үйлдвэрлэл үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргал хэлэхдээ “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний аюулгүй байдлыг хангах тушаал шийдвэрүүд гарсан.

Мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд 3,200 гаруй худалдаа үйлчилгээний газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг хийгээд байна.

Шалгалтаар нийт 3,700 гаруй зөрчлийг илрүүлэн 66 хувийг газар дээр нь арилгуулах, үлдсэн зөрчилд агт албан шаардлага өгөх зэргээр ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй 80 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгалын комисст шилжүүлж, дахин 60 сая төгрөгийн бүтээгдэхүүнд татан авалт хийлгэсэн.

Өнөөдрийн байдлаар нийт 140 сая гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлээс татан авалт хийлгэж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолд Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдааг таслан зогсоох үүрэг даалгавар өгөгдсөн.

Үүний дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд 20 гаруй үзэсгэлэн худалдааг таслан зогсоосноос гадна худалдаа үйлчилгээний газруудын хананд байрлуулсан 131 сурталчилгааны материалыг буулгах ажлыг хийлгүүллээ.

Үзэсгэлэн худалдааг хориглосонтой холбоотойгоор ил задгай худалдаа ихсэх хандлагатай байна. Тиймээс халдвар тархах эрсдлээс сэргийлж, ил задгай худалдаанд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй ил задгай худалдааг зогсоосон.

Худалдаа эрхлэгчид иргэний ухамсраар улс өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн энэ үед орчны бохирдол, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд худалдаа явуулахгүй байх хэрэгтэй.

Мөн иргэд өөрсдөө маск зүүж, гараа угааж ариутгаж байгаа бол ил задгай чанарын шаардлагагүй бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх шаардлагатай.

Томоохон худалдааны төвүүд ч өөрсдийн гадна талбайд өдөр тутам хяналт тавихгүй бол ил задгай худалдааны асуудал хүндрэлтэй байна” гэлээ.

Иргэд хүнсний чанар, аюулгүй байдалтай холбоотой гомдол саналаа Мэргэжлийн хяналтын байгууллагын 1800-1286 утсанд мэдээлэх боломжтой юм.

+ There are no comments

Add yours