Д.Бямбадорж: Монполь эрх тогтоож, увайгүй аашилж болохгүй, “Ач буян трэйвл”

Увс, Баян-Өлгий, Ховд аймагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид олон жил ажилласан жолооч нар нэгдэж өнгөрсөн пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай Увс аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Боршоо Хүдэн” компанийн захирал Д.Бямбадоржтой уулзан ярилцлаа.
-Орон нутгийн тээвэрт явж байгаа автобуснуудын суудал ашиглалт 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны тэргүүн Хүрэлхүү хэлж байсан. Гэтэл Авто тээврийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар суудал ашиглалтын хувь 80 гаруй хувьтай байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Ташаа мэдээлэл шүү дээ. Манай Увс аймагт гэхэд л нийтийн тээврийн үйлчилгээ нь сүүлийн гурван жилийн судалгаагаар хүн тээврийн үйлчилгээ 29 хувиар өсөлттэй, суудал дүүргэлт 75-78 хувьтай гэж гарсан байдаг. Өнөөдрийн байдлаар Увс-Улаанбаатарын чиглэлд орон нутгийн өмчит “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК, Улаанбаатар хотын “Ач буян трэйвл” ХХК гэсэн хоёр компани өдөр бүхэн 11.00,15.00 цагт хот хоорондын нийтийн тээвэрт БНСУ-д үйлдвэрлэгдсэн 45 хүний суудал бүхий зорчигч тээврийн автобусаар үйлчилгээ үзүүлж байгаа. “Ач буян трэйвл” ХХК нь ганцхан манай аймгаар зогсохгүй Ховд-Улаанбаатар, бас говийн нэг аймагт хот хоорондын зорчигч тээвэрлэдэг үйлчилгээ эрхэлдэг компани юм. Гэтэл хот руу явах иргэдийн эрэлт их байгаа учир нэмэлт цаг оруулах шийдвэрийг орон нутгийн захиргаанаас гаргаад АТҮТ-рүү явуулсан байгаа. Үүнээс эхлээд л бидний энэ асуудал ийм төвшинд хүрээд байгаа юм шүү дээ.
Өөрөөр хэлбэл, эрэлт байгаа учир нийлүүлэлт хийгдэх ёстой. Тэр нийлүүлэлтийг орон нутгийн өмчит компаниуд нэгдэж хийе гэдэг хүсэлтийг АТҮТ хүлээн авахгүй байгаагаас ийм асуудал үүсч байна гэж ойлгож болох уу?
-Увс аймгийн иргэдийн хүсэлт байна. Бас орон нутгийн иргэдийн бизнесийн зарчмаар байгаа зах зээлийг ашиглаж ажлын байр нэмэгдүүлэх, үйл ажиллагаа эрхлэх боломжтой, туршлагатай жолооч нартай, АТҮТ-өөс гаргасан шаардлагатай стандартыг хангасан автобустай учраас Увс, Ховд,Баян-Өлгий аймгийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд нэгдсэн юм. Манай “Боршоо Хүдэн” компани хот хоорондын нийтийн тээвэрт Увс аймагт шинээр нээгдэж байгаа цагийг авья гэдэг хүсэлт гаргаж байгаа. Учир нь хүн тээвэр нь өсөлттэй байгаа, өдөр бүхэн төлөвлөгөөт хоёр автобусаас гадна нэмэлтээр автобус гарч байгаа зэрэг шалтгаанаас гадна Увс аймгийн Авто тээврийн газраас гаргасан судалгаан дээр үндэслээд манай компанийн зүгээс шинээр өдөр бүхэн 18.00 цагаас автобус явуулья гэдэг хүсэлт гаргасан юм. Энэ 18.00 цаг гэдэг бас судалгаатай. Учир нь 11.00,15.00 цагийн автобусаас орон нутгийн наймаа эрхэлж байгаа хүмүүс байнга хоцордог. Хотоос бараагаа татдаг хүмүүсийн хувьд 18.00 цаг гэдэг хамгийн боломжит цаг байгаа талаар тэдгээр хүмүүс байнга хүсэлт тавьдаг юм билээ. Тиймээс манай компани энэ цаг дээр бидэнд зөвшөөрөл өгөөч ээ гэдэг хүсэлт гаргасан юм.
Хэдийгээр та нар Увсын иргэдийн хүсэлт гэж байгаа ч компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир өөрөөр хэлбэл, ашгийг нь хувааж байгаа учир одоо үйлчилгээ явуулж байгаа компаниудтай зөрчилдөөн үүсээд байгаа юм байна гэж ойлгогдоод байна л даа?
-Бидний санал, хүсэлтийг аймгийн Авто тээврийн газраас боломжтой гэж үзсэн. Бас Засаг дарга болон бусад хүмүүс ч зөвшөөрч байгаа. Тиймээс дараагийн шат болох АТҮТ-д хүсэлтээ гаргасан боловч тэнд гацчихсан. Учир нь Улаанбаатарт, АТҮТ-д ажилладаг эрх мэдэл бүхий хүмүүс орон нутгийн зах зээлийг өөрсдийн хамаарал бүхий компаниараа барьчихдаг. Бүүр монполь байдал үүсгэчихсэн байдаг. Ийм байдлаас болж өнөөдөр манайхаас гадна, Ховд, Баян-Өлгий аймгийн орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад зөвшөөрөл өгөхгүй, нөхцөл байдлыг хүндрүүлж, түүгээр зогсохгүй бидний талаар буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээлэл ашиглаж цацаж байгаад үнэхээр их гомдолтой байна.
-Ингэхэд танай компани Авто тээврийн нэгдсэн холбоонд байдаггүй гэсэн үг үү. Яагаад тэр холбооны тэргүүн та нарыг энэ салбарт туршлага байхгүй гэж хэлж байгаа юм бол?
-Манай компани энэ холбоонд байхгүй. Энэ холбоонд олон коммпаний нэр байдаг ч яг үнэндээ маш цөөхөн компани л байдаг. Тиймээс яг холбоо гэхэд бас хэцүү харагдаад байгаа юм. Авто тээврийн нэгдсэн холбооны тэргүүн Хүрэлхүү гэж хүн байдаг. Энэ хүн удаа дараа худал ташаа мэдээлэл хийж, албаар маргаантай байгаа мэт, орон нутгийн компаниуд хүчин чадалгүй, ажиллаж байгаа жолооч нар нь туршлагагүй гэх мэтээр дэндүү ташаа мэдээлэл цацаж бидний нэр төрд халдах болсон. Тиймээс бид энэ байдалд зөв хариулт өгөх, олон жил хот хоорондын тээвэрт явж байгаа туршлагатай жолооч нарын нэгдэл худал хуурмагийн өмнө хүчтэй байдаг гэдгийг харуулах, бас салбарын сайд, хариуцаж байгаа яам агентлагийнханд зөв мэдээлэл өгөх гэж Улаанбаатар хотод ирээд байна.
Ингэхэд зардал хэд байдаг вэ. Онгоц бол угаасаа их үнэтэй байх…?
-Хүн амын өсөлт, засмал зам шинээр тавигдсан, орон нутгаас Улаанбаатарыг зорих зорчигчдын урсгал жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан суудал ашиглалтын хувь нэмэгдэж байгаа учир баруун аймгуудын хот хоорондын нийтийн тээврийн цагийн давтамж нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Өнөөдөр хүн бүхэн онгоцоор нисэх санхүүгийн боломж хэр байгаа билээ. Онгоцоор 190.00-250.000, заримдаа 300.000 төгрөг төлнө. Гэтэл цагийн зөвшөөрөлтэй шугамын автобусаар 70.000 төгрөгөөр Улаанбаатараас Увс аймагт ирнэ, бас буцна. Хамгийн гол нь манай компани тэртэй тэргүй эзэнтэй цагийг булаалдаагүй, нэмэлтээр хийж байгаа цагаа л орон нутгийн иргэдэд өгч, ажлын байр нэмэгдүүлээчээ. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хот хоорондын нийтийн тээвэрт яваад сурчихсан, туршлагатай таван компанийн 54 жолооч байна. Ийм хүчийг ашиглах ёстой, бас ингэснээр орон нутагт хамгийн ихээр дутагдаж байгаа ажлын байр нэмэгдэнэ, 54 өрхийн санхүүгийн асуудал шийдвэрлэгдэнэ. 54 өрх ядуурлаас гарна гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ. Гэтэл уг салбарт монполь эрхээ тогтоосон Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг “Ач буян трэйвл”, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани хэт түрэмгийлж, увайгүй аашилж болохгүй шүү дээ.
Нэмэлт тээвэр хийх шаардлагагүй, ашиггүй гэдэг зүйлийг холбооны тэргүүн хэвлэлийн хурал дээр хэлж байх шиг байсан. Үнэхээр ашиггүй бол тэд бас тэгж улайрах хэрэггүй мэт санагдах?
-Тийм шүү дээ. Ашиггүй бол холбооныхон гэж хэдэн хүн тэгж сандарсан төрхтэй алдчих вий гэж байгаа юм шиг сандралдаж хэвлэлийн хурал хийгээд, бусдыг гүтгээд байх шаардлага байхгүй. Ашигтай, ашигтайгаар барахгүй өөрсдөө монполь байдлаа алдчих вий гэсэндээ тэгж сандарч байна гэж харсан. Авто тээврийн нэгдсэн холбооны тэргүүн Хүрэлхүү гуай, нэмэлт цагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт бүхий шинээр байгуулагдсан компаниуд эсэргүүцэн “орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх нь аж ахуйн нэгжид ямар ашиг байдаггүй”, “давтамж нэмэгдүүлэх ямар ч шаардлагагүй”, “огт туршлагагүй шинэ компани” гэсэн гүтгэлгийн мэдээллийг олон нийтэд түгээсэнд маш харамсаж байгаа. Олон жил ажилласан, туршлагатай орон нутгийн жолооч нарт боломж олгох, орон нутагт ажлын байр бий болгохоор Ховд аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Цаст тээлийн зам”, Баян-Өлгий аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Аман авто транс”, “Аумин” компани, Увс аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Боршоо Хүдэн” компаниуд нэгдээд байгаа юм. Хамгийн гол нь бид боломжгүй зүйлийг шахаж шаардаагүй, орон нутгийн удирдлагууд нутгийн захиргаа, холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг судалж үзээд илүү цаг буюу нэмэлтээр аймаг тус бүрд гарч байгаа тэр цагийг орон нутгийн жолооч нарт өгөх боломжтой гэж үзэн дэмжсэн байгаа. Гэтэл одоо явж байгаа хуучин компаниуд шахалт үзүүлж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
-Ингэхэд “Боршоо Хүдэн” компани хэдэн автобустай вэ. Жолооч нарын нь чадвар чадавхи ямар байдаг юм бол?
-Манай компани 10 автобустай. Бүгд таваас дээш жил ажилласан мэргэшсэн жолооч нартай. Жолооч нар маань Увс-Улаанбаатарын чиглэлд УАЗ пургон машинаар хот хоорондын нийтийн тээвэрт ажиллаж байсан, шороон замаас засмал зам хүртэлх хугацаанд тэр л замаар олон жил давхисан туршлагатай жолооч нар байгаа. Яг үүн шиг Ховд,Баян-Өлгийн нэмэлт цагаар орж, хот хоорондын тээвэрлэлт хийх гэж байгаа компаниуд нь бүгд орон нутагтаа бүртгэлтэй, татвараа төлдөг, жолооч нар нь орон нутагтаа амьдардаг зэрэг давуу талтай, аймаг орон нутгийн зүгээс байнгын ажлын нэмэгдүүлэх, орон нутгийн зорчигчдод цагийн сонголт нэмэгдэх, орон нутагт татвар, нийгмийн даатгалаа төлөх зэрэг олон ач талын холбогдолтой гэж үзэж байгаа юм шүү дээ.
Аймгийн групп, пэйжүүдэд шинээр Увс-Улаанбаатар чиглэлд орж ирж байгаа “Боршоо Хүдэн” компанийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан, сайт Ч.Хүрэлбаатартай холбоотой гэдэг мэдээлэл цацагдсан. Эдгээр хүмүүсээс нөлөөлөл байгаа юу?
-Улс төрийн зорилго явагдаад байна уу даа гэсэн хардлага төрж байгаа. Учир нь бид нартай, манай компанитай ямар ч хамааралгүй хүмүүс болох аймгийн Засаг дарга Батсайхан болон Их хурлын гишүүн Хүрэлбаатартай албаар хамааруулж, нэр хүндэд нь халдах гэсэн байдалтай сөрөг мэдээллийг аймгийн мэдээллийн групп, пэйжүүдэд тавьж байгаа. Гэтэл яг үнэндээ энд ямар ч улс төржилт байхгүй, нутагтаа ажилладаг хүмүүс нэгдэж, олон жилийн туршлага дээрээ суурилж нутгийнхаа компаниар ажиллая гэдэг хүслээр л нэгдсэн хүмүүс шүү дээ. Харин гарцаагүй зөвшөөрөл авахад төрийн байгууллагын, нутгийн удирдлагын зөвшөөрөл хэрэгтэй. Тиймээс тэр дагуу нь бид учир байдлаа яриад уулзсан, хүсэлт гаргасан. Бидний хүсэлтийг нутгаа хөгжүүлэх гэсэн, нутагтаа ажилгүйдэл ядуурал битгий байгаасаа гэж хүссэндээ дэмжсэн гэж л бодож итгэж байгаа. Түүнээс тэр холбооны нэр бариад шоудаад байгаа нөхрийн хардаад байгаа шиг ямар ч улс төржилт, улс төрчийн дэмжлэг байхгүйг онцолж хэлмээр байна.

Увс аймгийн Түмэнд нээлттэй хязгаарынхан компанийн автобус удаа дараа осол гаргаж, хүний амь нас хохироосон асуудал гаргаж байсан. Тухайлбал, өнгөрсөн 4 сард Тосонцэнгэл суманд гарсан ослыг энэ компанийн автобус гаргасан байдаг.

2Comments

Add yours

+ Leave a Comment