УИХ-ын чуулганаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл багтжээ.

Мөн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай тогтоолын төсөл, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товложээ.

Улмаар УИХ-ын Н.Амарзаяагаас Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу асуулгын хариуг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.

+ There are no comments

Add yours