“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Гадаад оронд ажиллан амьдарч, сурч боловсрон, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучууд,  гэр бүлээрээ эх орондоо суурьших, амьдрах орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажлын байранд зуучлах, гадаад улсын тэргүүн туршлага, өндөр технологи, шинэ санааг үндэсний технологи болгон нутагшуулах, гарааны компани эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг энэ оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12:00-16:00 цагт МҮХАҮТ-ын хүлээн авалтын танхимд болох гэж байна. Тус яармагийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран зохион байгуулж байгаа юм.  Уг үзэсгэлэн яармагт 15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг урьж байгаа ажээ.

 Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо”-нд гишүүнчлэлтэй 140 гаруй төрийн бус байгууллагын төлөөллүүд болон “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын гишүүн АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, БНТУ, Англи, Япон, Австри, Тайвань улсын их, дээд сургуулийг төгсөгчдийн холбооны гишүүд, гадаадад их дээд сургуульд суралцаж төгссөн залуучууд, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд оролцсоноор аж ахуйн нэгж байгууллагуудыг эрэлтэд нийцсэн боловсон хүчнээр хангаж, гадаад орны сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн тус арга хэмжээний гол онцлог нь мэргэжлээрээ олон жил ажилласан, ур чадвараараа үнэлэгдсэн хэрнээ диплом болон мэргэжлийн үнэмлэхгүй иргэдийг шалган газар дээр нь мэргэжлийн үнэмлэх олгох ажээ.

+ There are no comments

Add yours