300 сая долларын зээлийг 10-18 жилийн хугацаатай авна

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон баталлаа.

Энэ хүрээнд нийт 300 сая ам.долларыг олгох бөгөөд эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байх аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулах шаардлага бий болсон хэмээн Сангийн сайд танилцуулсан юм.

Дашрамд, Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны гишүүнээр 2000 онд гишүүн, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болжээ. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэж байсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны зургаадугаар сард баталсан байна. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд буй аж.

+ There are no comments

Add yours