Хонконгоос хөөрөх бүх нислэгүүдийг цуцаллаа

Хонконгийн олон улсын нисэх буудлаас хөөрөх бүх нислэгүүдийг цуцалсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Олон улсын нисэх буудлын төв терминалд Засгийн газрын эсрэг жагсаал дөрөв дэх хоногтоо үргэлжилсний улмаас ийнхүү нислэгүүдийг цуцалсан гэжээ.
Нисэх буудлын удирдах газраас энэ талаар мэдээлж олон нийтийг нисэх буудалд аль болох ирэхгүй байхыг зөвлөжээ. Харин Хонконгийг чиглэсэн нислэгүүдийг газардуулж зорчигчдыг хүлээж авч байна. Нисэх буудлын орчимд жагсагчид бослого хөдлөгөөнд нэгдэж буйгаа илэрхийлэн хар өнгийн хувцас өмссөн ба терминалд олон мянгаараа нэвтэрсэн ч жагсагчдын тоо нэмэгдсээр байна гэжээ.
Дэлхийн худалдаа эдийн засгийн гол төвүүдийн нэг Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа саатсанаар бүс нутагт төдийгүй олон улсад сөрөг үр дагавартай гэж шинжээчид таамаглаж байна. Тус нисэх буудал дэлхийн 200 гаруй чиглэлд хоногт зорчигч болон ачаа тээврийн 1,100 нислэг үйлддэг ажээ.
Аялагч, жуулчид амралтын өдөр бүр Хонконгийн гудамж талбай нулимс асгаруулах хий, жагсаал цуглаанаар дүүрэх болсон тул аюулгүй байдалдаа санаа зовж эхэлсэн. Америк, Австрали, Их Британи, Ирланд, Япон, Сингапур зэрэг улс орнууд Хонконгийг зорьсон иргэдэд аюулгүй байдлын зөвлөмж сэрэмжлүүлгийг аль хэдий нь өгчээ.
Гэсэн ч Хонконгийн Аялал жуулчлалын хорооноос гадны аялагчдад үүд хаалга үргэлж нээлттэй ба жуулчдын хамгийн их очдог Peak Tram, Ladies’ Market, Star Ferry зэрэг газруудад аюулгүй гэжээ.

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

+ There are no comments

Add yours