Авто машины улсын дугаарын “УАА” серийг маргаашнаас олгоно

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ. Тодруулбал, маргаашнаас автомашины улсын дугаарын УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд https://burtgel.transdep.mn/ цахим хуудсаас дугаараа нээлттэй сонгож авах боломж олгож байгаа юм байна. Тус үйлдвэрийн газраас тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын найман цэг, 21 аймгийн 23 салбараар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэдэг бөгөөд энэхүү цахим системийг нэвтрүүлснээр “дугаарын наймаа” гэгдэх хууль бус явдлыг таслан зогсоох ач холбогдолтой гэнэ.

Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,003,922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 2019 онд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 57,568 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж.

2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр олгогдоогүй бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499,950 дугаар байдгаас өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэлд олгох дугаарын хомсдол үүсээд байгаа юм байна.  Нийслэлд олгогдох дугаарын нөөц ийнхүү дууссантай холбоотой улсын дугаарын “УАА” шинэ серийг маргаашнаас олгохоор болжээ. Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгох юм байна.

+ There are no comments

Add yours