З.Энхболд: Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилохыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр эхэлсэн. Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч тодорхой саналууд хүргүүлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох санал өгсөн. Ингэхдээ УИХ-ын 108 гишүүний 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох санал өгсөн.

Үүнтэй холбоотой болон бусад асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өгөв. Түүний хэлснээр Ерөнхийлөгч зарим асуудлыг дэмжиж, заримыг дэмжихгүй байгаа юм байна. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилохыг дэмжихгүй байгаа аж. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох хуулийн төслийн өөрчлөлтийг дэмжиж байгаа аж.

+ There are no comments

Add yours