Япон улс үхлийн аюултай Эбола вирусыг анх удаа импортлох гэж байна

Пүрэв Дашдорж
Токио 2020 зуны олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд үхлийн аюултай Эбола вирусыг гадаадаас импортлох болсноо Японы эрүүл мэндийн яам Даваа гарагт мэдээлжээ.

Эбола вирусыг бусад дөрвөн төрлийн вирусны хамт гадаадын судалгааны байгууллагаас авах болсон зорилго нь халдварт өвчнийг оношлох арга техникийг сайжруулах юм байна.

Эбола, Ласса, Өмнөд Америкийн, Крымь-Конгын, Марбург төрлийн аюултай вируснуудыг Токиогийн ойролцоох Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн лабораторид хадгалах ажээ.

Уг хүрээлэн оршдог Мусашимураяма хотын даргатай засгийн газар зөвшилцсөний үндсэн дээр судалгааг явуулахаар болсон байна. Хүрээлэнгээс вирусыг ямар зорилгоор судлах, ямар орчин нөхцөлд хадгалах талаар хотын оршин суугчдад хэд хэдэн удаагийн танилцуулга зохион байгуулж, лабораторио үзүүлж, аюулгүй ажиллах амлалт өгөөд байгаа гэнэ.

Эбола вирус нь цус, шүлс зэрэг биеийн шингэнээр дамжиж хүнд халдварладаг. Мусашимураяма дахь лаборатори нь Япон улсын цорын ганц BSL-4 түвшний био аюулгүй байдлын стандартыг хангадаг лаборатори юм байна.

Нагасаки хотын их сургууль улсдаа хоёр дахь ийм лабораторийг 2022 онд нээхээр ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг