Хууль бусаар их хэмжээний мах хадгалж байсан БНХАУ-ын хоёр этгээдийг цагдан хорьжээ

Тавдугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газаартай хамтран өчигдөр Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд хяналт шалгалт хийж улмаар их хэмжээний мах хуль бусаар хадгалж байсныг илрүүлэн таслан зогсоосон билээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 25 гаран тонн үхрийн мах байсныг илрүүлжээ. Тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд хариу нь эцэслэн гараагүй байгаа тухай албанаас мэдээлж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: “Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчидтай хамтраад 32 дугаар хороонд байрлах мах бэлтгэлийн үйлдвэрт муудсан байж болзошгүй их хэмжээний махыг боловсруулж байна гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулсан.

Урьдчилсан байдлаар үхрийн 25 орчим тонн муудсан махыг хадгалж, бэлтгэж байсан нь тогтоогдсон. Махны өнгө, үнэр зэргийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллага муудсан гэж үзэж байгаа. Харласан, эвгүй үнэртэй махыг хөргүүргүй чингэлэгт хадгалж байсан. Тухайн махаа том савтай уусмалд хийж гаргаад яснаас нь шулж, савлаад хөлдөөх үйл явц хийгдэж байсан нь тогтоогдсон. Шингэн уусмал нь ямар найрлагатайг тодруулахаар мэргэжлийн хяналтын байгууллага уусмал болон махнаас шинжилгээ авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Урьдчилсан байдлаар тухайн обьектыг түрээсээр ашиглаж байсан гэж байгаа бөгөөд махны гарал үүслийн бичиг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч ирээгүй. Шалгалт үргэлжилнэ. Бэлтгэсэн махаа Улаанбаатарын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байсан уу, эсвэл экспортлох зорилготой байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байна” гэв.

+ There are no comments

Add yours