Автозогсоолд машинаа байршуулахдаа маргалдаж толгойдоо хүнд гэмтэл авсан байна

-БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ БУУРАХГҮЙ БАЙНА-

Сүүлийн үед залуус гудамжинд шүргээд өнгөрөх хэн нэгэнтэй муудалцах, замын хөдөлгөөнд оролцож байхдаа үл ойлголцож маргалдах, гэнэтийн уур бухимдлаасаа болж зодолдож Эрүүгийн гэмт хэрэгтэн болох тохиолдол нэмэгдсээр байна. Зодолдох гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулхаас гадна, хэрэгтэн хохирогч хоёр тал торгуулийн арга хэмжээ болон ял шийтгэл эдэлдэг учраас аюултай аж.

Үл ялих шалгаанаас болж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, хүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдтал нь зодож гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлын автозогсоолд 2018 оны аравдугаар сарын 22-ны өдөр хоёр иргэн хоорондоо зодолдсон байдаг. 23 настай А нь Өмнөговь аймгаас ажил хийх зорилготойгоор хот руу орж ирсэн аж. Ажил хайж байх явцдаа 29 настай Б тэй автозогсоолд машинаа байршуулахдаа маргалдаж, зодолдож, толгойдоо гэмтэл авсан байна. Харин хэрэг гарснаас хойш хохирогч эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад болсон явдлаа санахгүй байгаа тухайгаа хэлж шинжилгээнд хамрагдсан.

Ийнхүү хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар маргалдаж зодолдсон гэх 29 настай Б-г шуурхай эрэн сурвалжилж цагдан хорьсон байна. Цагдаагийн алба хаагчдын мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг үйлдсэн 29 настай Б нь дээрмийн хэрэг, танхайн хэргээр олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Түүнчлэн хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа дахин дээрмийн хэрэг үйлдсэн болохыг олж тогтооосон байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-2.2-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутган шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэн та гудамж талбай, олон нийтийн газар бусадтай маргалдахгүй байх, түр зуурын уур бухимдлаа барих, бусадтай соёлч боловсон харьцах, нийтийн хэв журмыг зөрчихгүй байх зэрэг бусдын болон өөрийн эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй юм. Мөн өөрийн аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

+ There are no comments

Add yours