Багшдаа зодуулсан хүүгийн ар гэрийнхэн болсон явдлын талаар ам нээхийг хүссэнгүй

Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ ГССҮТ-д элэг бяцарсан гэх оноштойгоор энэ сарын 4-нд иржээ. Ингээд тухайн өдрийн маргааш элэгний хагалгаанд орсон байна.

Болсон явдлын талаар олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэнээр тус сургуулийн нийгмийн ухааны багш н.Наранхүү түүнийг зодсон гэх ба хичээлээсээ хоцорсон гэж гарыг нь өргүүлэн шийтгэх үедээ элэг рүү нь цохисон байгаа юм. Тухайн үед хүү бөгтөсхийж, амьсгал нь тасалдаж сонин болсон гэж ангийнхан нь ярьсан байна.
Бид уг мэдээллийн мөрөөр ГССҮТ-ийн хавсарсан эмчилгээний тасагт очиход хүү платнаас сахиурын хамт арай хийн алхаж гарч ирэх нь тэр. Түүнээс болсон явдлын талаар асуух гэтэл биеийн байдал нь тааруу байсан тул ярихыг хүссэнгүй. Ямартай ч хүүг ар гэрийнхэн нь ээлжлэн сахиж байгаа аж.
Түүний эгч хэлэхдээ “Энэ талаар юу ч яримааргүй байна. Багш нь зодсон нь үнэн өөр мэдээлэл, ярилцлага өгөхгүй. Энэ бол хичээл орж байх үед болсон явдал. Гэсэн хэдий ч тэр багшийгаа буруутгахыг хүсэхгүй байгаа юм.
Биеийн байдал нь сайнгүй байгаа. Аль болох тайван байлгах хэрэгтэй. Хурдан эдгэрэх байх. Иймд бид хэвлэл мэдээллээс хол байхыг хүсэж байна. Сонин сэтгүүл, сайт, телевизэд энэ талаар мэдээлэл өгөөгүй. Тэд бидний талаар мэдээлэл олж өөр өөрсдийнхөө өнцгөөр бичиж байгаа. Хэвлэлийнхэн биднийг зорьж ирж байгаа нь их хүндрэлтэй байна” гэлээ.
Хүүгийн элэг бяцарч хоёр газар буглаа үүссэн хүндхэн нөхцөл байдалтай ирсэн аж. Эмч нар хүүгийн гэмтлийг хүнд цохилтын улмаас үүссэн бөгөөд гадны нөлөөтэй хэмээн үзжээ. Энэ хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Ё.БААТАРБИЛЭГ: ЗОДОЖ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ АРГА БАРИЛ ӨӨРЧЛӨГДӨӨД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА
Уг хэргийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Багш нь сурагчаа зодсон гэх мэдээллийг өнгөрсөн баасан гарагт авсан. Сургуулийн захирал болон анги даасан багш нь Улаанбаатар хотод ирсэн. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна. Багш нь сурагчаа зодож болохгүй. Зодож хүмүүжүүлдэг арга барил өөрчлөгдөн олон жил болж байгаа. Иймд хүүг зодсон гэх багштай хариуцлага тооцно. Ажлын байртай нь ярина” хэмээсэн юм
Монголд багш нар хүүхэд зодсон гэх асуудал ганц энэ удаа гарч байгаа биш юм. Урьд өмнө нь багшийн ёс зүйтэй холбоотой асуудлууд цөөнгүй л гардаг байсан. Цэцэрлэгийн багш хүүхэд зодлоо, багш нь сурагч, оюутнуудаа хэл амаар доромжиллоо, гэх мэт мэдээлэл нийгэмд цацагдаж олны дургүйцлийг хүргэдэг. Харин энэ удаад 11 дүгээр ангийн сурагч багшдаа зодуулж эрүүл мэндээрээ хохирлоо.
Иймд хаа, хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй болов уу. Хэн нэгний хүүхдийг зодож сургах нь өөрөө ёс зүйн доголдол юм. Цаашлаад энэ мэт явдал нийгмийг цочроож олон мянган хүүхдийг айдаст автуулж сурч боловсроход нь сөргөөр нөлөөлж болохоор байна.

+ There are no comments

Add yours