МХЕГ-ын хэлтсийн хоёр даргын хэрэг шүүхэд шилжжээ

Жилийн өмнө АТГ-ынхан МХЕГ-ын хэлтсийн хоёр даргыг авлигын хэргээр баривчилж, саатуулж байсан билээ. Энэ хугацаанд шалгагдсан хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгожээ гэсэн мэдээлэл гарч байсан.  Тодруулбал, нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр гурван саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, Дотоод хэлтсийн дарга  Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд багагүй хугацаа өнгөрөөд буй.

Тэгвэл тус газарт удаан хугацаанд  дарагдсан хавтаст хэргийг хоёр хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн талаар шүүхийн эх сурвалж мэдээлэв. Энэ хэрэгт 20 гаруй аж ахуй нэгж, компани холбогдсон байгаа аж. Удахгүй шүүх хурлын тов зарлагдана.

Жилийн өмнө сэжигтэн Б.Аззаяа  Н.Баярсайхан хоёрыг шүүхийн захирамжаар цагдан хорьсон ч нэг сар саатуулаад суллаж, гадуур байцаалт явуулах шийдвэрийг гаргасан байдаг. Тэр хоёрт  аргагүй байдалд орж, авлига өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг мөрдөн байцаалтаар тогтоосон. МХЕГ-ийн газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нэг аж ахуй нэгжээс доод тал нь гурван сая түүнээс дээш төгрөгийн авлига авдаг байсан аж.

+ There are no comments

Add yours