ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчинд хэрэглэж болохгүй

Өнөөдөр 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас Виферон лааны асуудлаар мэдээлэл хийлээ. Томуугийн үед хүүхдийн дархлаа дэмжих зорилгоор шулуун гэдсээр хийж хэрэглэдэг “Виферон” лаа нь хүүхдийн бие сөрөг нөлөөтэй эсэх, хэрэглэж болох эсэх асуудал нийгэмд маргаан дэгдээгээд буй юм. Тэдний мэдээлснээр тус лаа нь олон улсад бүрэн судлагдаагүй, эмчилгээний үр дүн батлагдаагүйг хэллээ. Гэвч Эрүүл мэндийн даатгалын сангаас багагүй хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан байдаг аж. Монгол Улсад эм ханган нийлүүлэх 284 байгууллага бий. Улсад бүртгэлтэй 5880 эм байна. Үүнээс 67 хувь нь буюу 59 улсын 3939 эм импортоор ож ирдэгийн нэг нь “Энто” компанийн оруулж ирдэг “Виферон” лаа юм.

Энэ талаар ЭМД-ийн сангийн дарга Алтанхуяг: ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтад 2016 онд Виферон лааг 80 хувь хөнгөлөхөөр болж, 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 91 мянган хүн энэ лааг хэрэглэсэн байна. Эдгээр хэрэглэгчдийн 50-иас дээш хувь нь хүүхдүүд байсан. 2018 онд долдугаар сарын 15-наас хөнгөлөлттэй эмийн хүүхдийн ангиллаас Виферон лааг хассан. Өнгөрсөн жилд 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг энэ лааг авахад үзүүлсэн.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин: ЭМЯн-наас томуу томуу төст өвчний үед хоёр хоёр төвийн зөвлөмжийг баримтлан ажилладаг. Үүний нэг нь ХӨСҮТ юм. Тус төвөөс томуу, томуу төст өвчний үед Виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан томуугийн эмчилгээний зөвлөмжид халдварт өвчний үед энэ лааг хэрэглэж болох боловч толгой дараалан хэрэглэхийг зөвлөөгүй байдаг. Тав дахь удаагийн шинэчилсэн зөвлөмжид лааг хэрэглэхийг хориглосон зөвлөмж бий.

Чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтан Оюунтуяа: Уг эм 2010 оны наймдугаар сарын 25-ны өдөр МУ-ын эмийн бүртгэлд анх бүртгэгдсэн байдаг.  Тухайн үед Эрүүл мэндийн сайдын 2007 оны 38 дугаар тушаалаар батлагдсан эмийн улсын бүртгэлийн төлвийг шинэчлэн батлах журмаар тавигдах шаардлагын дагуу ОХУ-ын эмийн үйлдвэрт тавигдах шаардлагын дагуу бүртгэгдсэн байгаа. ОХУ-даа бүртгэгдээд 12 жил болсон байна. Мөн манай улсаас гадна 12 улсад бүргэгдэн хэрэглэгдээд байгаа юм. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 217 дугаар тушаалаар зайлшгүй хэрэглэгдэх шаардлагатай эмийн долдугаар жагсаалтад тус эм эмчийн жортойгоор олгох эмийн жагсаалтад батлагдсан. 2018 долдугаар 25-ний өдөр мэргэжлийн салбар зөвлөхийн хурлаар интерферон альфа эмийг жортой олгохоор шийдвэр гарсан байна.

Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Н.Мөнгөнцэцэг: “Сүүлийн үед хүүхдийн томуу өвчний эмчлилгээний заавар удирдамжид ороогүй Виферон лаа хэлбэрийн эмийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Хууль бус зар сурталчилгааны асуудалд МХЕГ, ШӨХТГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ хүрээнд ЭМЯ-ны зүгээс хууль журмын хэрэгжилтэд яаралтай хяналт тавьж, шалгалт хийж хариуг ирүүлэх талаарх албан бичгийг дээрх газруудад хүргүүлээд байна.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр: ДЭМБ-аас олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн улс орнуудад зөвлөмж гаргадаг. Тэрийг улс орнууд дагадаг. ДЭМБ-аас томуугийн вирусийн эсрэг эмчилгээнд дөрвөн эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байгаа. Энэ дөрвөөс Монгол Улсын эмийн жагсаалтад орсон ганцхан эм бий. Тэр нь Осельтамивир. Энэ маш үнэтэй эм учир цаашид яах вэ гэдэг асуудлаар ЭМЯ-тайгаа ярилцаж байна. Виферон бол томуугийн эмчилгээний асуудалд хэрэглэж байгаа лаа. Судалгаанаас харахад хүний биед үзүүлэх хор нөлөө байдаггүй юм гэхэд томуугийн эмчилгээнд үр нөлөөгүй гэдэг нь нотлогдсон. Энэ л хамгийн чухал. Нотлогдоогүй зүйлийг эмчилгээ, үйлчилгээнд аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Томууг эмчлэхэд үр дүнгүй.

Эрүүл мэндийн яамнаас Вифeрон лааны эмчилгээ, чанар, аюулгүй байдлыг судлах ажлын хэсэг ажиллаж буй аж. Тус ажлын хэсгээс томуу, томуу төст өвчний үед Вифeрон лааг хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.

Харин Өнөөдөр 12.30 цагт Эрдэмтэн судлаачдын баг болон Виферон лааг импортлогч “Энто” компани виферон лааны асуудлаар мэдээлэл хийнэ. Виферон лаа Монголын эмийн бүртгэлд бүртгэсний дараа гаж нөлөөний судалгаа хийдэг. Эрүүл мэндийн яамны гаж нөлөөний судалгаагаар 2010 оноос хойш ямар ч гаж нөлөө илрээгүй гэж мэдээлсэн.

ОХУ-д 20 жил практикт хэрэглэгдэхдээ ямар ч гаж нөлөө илрээгүйг эрдэмтэд нотолж байна. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 23-ний өдрийн Эм судлалын салбар зөвлөлийн хурлын гаргасан дүгнэлтээр Виферон лаа ямар нэгэн асуудалгүй, хүүхдийн болон эрүүл мэндийн эмнэлзүйд хэрэглэж болно гэж гарсан байдаг.

Өмгөөлөгч Алтангэрэл: ЭМЯ-ны зүгээс хийсэн мэдээллийг та бүхэн харсан байх. Яамны ажилтай Оюутай гэх хүний өгсөн мэдээллээр “2010 онд бүртгэгдэхдээ бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бүхий л баримт бичгийг анх бүрдүүлж өгсөн. Энэ хангалттай баримт” гэдгийг дурдсан байдаг. Гэтэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 25 дугаар суваг телевизээр ярилцлага өгөхдөө Виферон лаа эмчилгээний үр дүнтэй болох нь нотлогдоогүй. Энэ эмийг эмчилгээний жагсаалтаас хасна гэсэн байдаг. Сайдын зөрүүтэй мэдээллээс болоод хэн хохироод байна вэ. Яамны байр суурь маш олон удаа өөрчлөгдөж байна.  Сайдын зөрүүтэй мэдээлэл, байр сууриас болоод хохирогч нь сайд ч биш,  компани ч биш хэрэглэгч иргэд болж байна. Тиймээс иргэд биднээс мэдээлэл шаардаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Эрүүл мэндийн сайдын гаргасан нотлогдоогүй мэдээлэлд үндэслэн шүүхэд хандсан.

+ There are no comments

Add yours