Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэнээр хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Шатахууны үнэд валютын ханшид зориудаар нөлөөлсөн байж болзошгүй. Ер нь Төв банкинд ажлын хэсгийн шалгалт оруулаад, интервенц зөв бодлогоор явж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Төгрөгийн ханш унахад экспорт хийж байгаа компаниудад ашигтай. Яг ханш унаж байх үед валютын ханшийг зориудаар орхисон юм байна лээ. Тэгэхээр лоббид өртсөн байх магадлалтай гэж хардаж байна” гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Ажлын хэсэг байгуулаад, Монголбанкийг шалгаж болно” гэв.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Эдийн засаг сэргэж эхэлж байхад мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлснээр зээлийн хүү дагаад нэмэгдэх эрсдэлтэй. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учрах магадлалтай. Иймд интервенц хийх аргыг хэрэглэж байна. Оны эхнээс 750 сая ам.долларын интервенц хийлээ. Өчигдөр ОУВС-гийн зөвлөл хуралдсан. Хуралдаанаар дунд хугацааны бодлогоо эрчимжүүлэх, төсвийн бодлогоо чангатгах, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд бүх талаар анхаарах, мөнгөний бодлогоо чангатгах, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх ажлаа дуусгах зөвлөгөө өгсөн байна.

Эдгээр асуудлаар Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдахаар төлөвлөж байна. Мөнгөний бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх тогтоолын төсөл Засгийн газраар батлагдсан. Энэ ажилд бүхий л салбар оролцож байгаа. Банк санхүүгийн тухайд хуулийн өөрчлөлтөө батлуулсан. Ингээд банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар өгсөн. Оны эцэст үр дүн гарна. Даалгавар биелүүлээгүй зарим банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан “Бэлэн байгаа 6000 орон сууц байна. Үүний 5800 нь Улаанбаатар хотод байна. 33 мянган иргэн урьдчилгаа төлөөд зээл авах боломжтой гэдэг судалгаа гарсан ч ипотекийн зээлийн эх үүсвэр дутагдалтай байна. Эх үүсвэр өнгөрсөн оноос 100 тэрбум төгрөгөөр буурсан байна. Сангийн яам он дуусч байхад 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээ яагаад хийхгүй байна вэ. Нэгэнт төсөвт суучихсан мөнгөө яагаад өгөхгүй байгаа вэ. Барилга нь бэлэн, эрэлт нь байна. Гэтэл ирэх оны төсөвт 115 тэрбум төгрөг тусгасан. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж байна уу” гэв.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Ирэх долоо хоногийн байнгын хорооны хурлаар ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ. Монголбанкнаас үнэт цаас гаргаад, зээл авах хүсэлтэй хүн бүрт олгох төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Ипотекийн зээлийн асуудлаар учраа олохгүй л явна. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар Дэлхийн банктай хамтарч төсөл хэрэгжүүлж байна” гэсэн юм.

Дараа нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм. Уг асуудлыг хэлэлцсэнээр үдээс  өмнөх чуулганы хуралдаан завсарлав.

+ There are no comments

Add yours