UNFRIEND ХӨДӨЛГӨӨНИЙГ ЕРӨНХИЙ САЙД ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Цахим бодлогын түр хорооноос ЕБС-ын багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлын хүрээнд “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасныг Засгийн газрын шат шатны байгууллагын бодлого шийдвэрт тусган анхаарч ажиллахаар болов. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд ЦЕГ, Хууль зүй дотоод хэргийн яамны төлөөлөлтэй уулзахдаа мэдэгдлээ.
ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж.  Эдгээр утасны дийлэнхийг нь өсвөр насны хүүхэд, залуус ашигладаг байна. Цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна Фэйсбүүк хуудас өргөн хэрэглэж байгаа нь тэдэнд зарим талаар сөрөг үр дагавар үзүүлэх болсон.
Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгдсэн байна. Иймд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэгдсэн арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай байна гэдгийг хууль сахиулах байгууллагын төлөөллүүд Ерөнхий сайдад уламжилсан. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан явуулж буй “UNFRIEND хөдөлгөөн” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж,  эцэг эхчүүд, нийт иргэдийг нэгдэхийг уриалав.

+ There are no comments

Add yours