Бэлэн гоймонгийн түүх

Бэлэн гоймон анх Хятадад XVI зууны үед үүссэн гэдэг бөгөөд Е-Фу нэртэй байж. Янчжоу хотын нэгэн тогооч хуурч шарсан хэрчсэн гурилыг халуун шөлөнд хийж өгдөгөөс үүсэлтэй гэлцдэг.

Харин яг одоогийн бэлэн гоймонг 1958 онд Японы иргэн Андо Момофуки Америкаас ирсэн тусламжийн эрдэнэ шишээр анх хийж байжээ.
Япон, Тайванийн зохион бүтээгч, бизнесмэн Андоу Момофүкү 1958 онд анхны бэлэн гоймонг худалдаанд гаргажээ. “Nissin food products” компанийн үүсгэн байгуулагч тэрээр бэлэн гоймон, рамен, савтай гоймонг зохион бүтээгчдийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд 2007 онд 97 настайдаа өөд болжээ. Дайны дараа Японд хүнс хомсдож хүмүүс хангалттай идэж чадахгүй, цадах гэдэг мэдрэмжийг бүр мартаад байв. Энэ байдлыг Андоу анзаарч “Яагаад бид тусламжаар ирсэн улаан буудайгаар зөвхөн талх л барьж идэх гэж вэ. Цадах өөр хоол хийж идэж болно шүү дээ” гэж боджээ. Гоймон, түргэн хоолны газар бий ч хүн бүрт үйлчилж чаддаггүй байв. Ингээд Андоу түргэн хугацаанд болох амттай гоймон хийх санаагаа ажил хэрэг болгож олон удаагийн туршилт нь үр дүнгээ өгч 1958 оны наймдугаар сарын 25-нд 48 настайдаа анхны бэлэн гоймонгоо худалдаанд гаргажээ. Тэрээр “Хүн төрөлхтөн гэдэс цатгалан цагт л энэ дэлхийд энх тайван тогтноно” гэж ярьдаг байжээ. “Chikin Ramen” гэх нэртэй тэрхүү бэлэн гоймон нь зах зээлд байсан удон, соба гоймонг бут цохиж хэрэглэгчдийн хүрээ нь өдөр өдрөөр нэмэгдсээр байжээ. Тухайн үедээ тансаг хоолонд тооцогдож байсан бол одоо Японы нийт зоогийн газрын 30 хувьд нь уг гоймонг борлуулдаг бөгөөд хамгийн хямд нь бэлэн гоймон болжээ.


Япончуудын өнгөрсөн зуунд хийсэн шилдэг нээлтүүдийн тоонд бэлэн гоймонгийн технологийг оруулах нь бий. Японоос улбаатай энэ бэлэн гоймон нь өнгөрсөн хагас зуунд дэлхий даяар тархаж улс орон бүр өөр өөрийн технологиор бэлэн гоймон хэмээх түргэн хоолыг үйлдвэрлэж байна.


Монголчуудын хувьд 1990 он гарснаас хойш бэлэн гоймон гэх зүйлийг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад оруулчихаад байгаа. Солонгосын олон ангит кинонууд дээр бэлэн гоймон идэж байгаа дүр зураг ихээр гардаг нь Монголд бэлэн гоймонгийн бизнес цэцэглүүлэх нэг том суваг нь болсон. Нэг үгээр Солонгос цуврал кинонууд ар араасаа бэлэн гоймонгоо “цувруулсан” гэж болно.

Өдгөө дэлхийн олонх оронд өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан маш олон нэр төрлийн бэлэн гоймон байх агаад Хятадууд жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэдэг байна. Харин Өмнөд Солонгосын хувьд нэг хүн жилд 69 бэлэн гоймон иддэг ажээ. Бэлэн гоймон нь жирэмсэн ба 5 хүртэлх настай хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд эхчүүдэд ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж үр зулбах эрсдэл дагуулдаг бол багачуудын бие дэх хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар энэ нь бяцхан үрсийг тань тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг байна. “The Consumer Education & Research Society”-гаас явуулсан судалгаагаар хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 15 нэр төрлийн бэлэн гоймонд судалгаа хийж үзжээ. Амин дэм ба төмрийн агууламж өндөртэй гэгдэж багагүй сурталчлагдаад байсан эдгээр бэлэн гоймонгийн найрлагад санаанд оромгүй орц илэрснээс гадна өөх тосноос илүү биед хэрэгцээтэй зүйлс үгүй байжээ. Тиймээс бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ.

Бэлтгэсэн Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours