Өнөөдөр ШӨХТГ-аас иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийсэн хяналт, шалгалтын ажлын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтын ажлын дүнг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва танилцуулав.

“Хаан банк” хууль бус үйлдэл гаргасантай холбогдуулан өрсөлдөөний хуулийн дагуу торгосон. Нийт 493 сая 387 мянга 520 төгрөгийн торгууль оногдуулжээ. Учир нь тус банк нь 2017 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 02\381 тоот тушаалаараа санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг, жилийн хүүг тэг төгрөг болгож данс эцэслэсний хураамж авдаггүй байсныг сар бүрд таван мянган төгрөг авах шийдвэр гаргасан байжээ. Энэ тухай мэдээлэл ААН-үүдээс ирсний дагуу шалгаж үзэн дээрх дээрх тушаалыг нь цуцлуулж зөрчлийг арилгуулсан байна.

-“ALIVEMAX” БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР 2000 ӨВЧИН АНАГААДАГ ХЭМЭЭН ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА-

Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “AliveMax” ХХК-ийн импортлон худалдаалдаг хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг шалгажээ. Эдгээр бүтээгдэхүүнийг эсэд мэдээлэл дамжуулснаар эрүүл эсийг нөхөн төлжүүлж, өвчтэй эсийг эмчлэн зүрх судасны өвчин, чихрийн шижин, бөөр давсагны үрэвсэлт өвчин, бөөрний дутагдал, тархинд цус харвах, элэгний вирус устгах, бүх төрлийн хавдрын эсийг дарангуйлах болон саажилт зэрэг 2000 гаруй өвчнийг эдгээх эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн сурталчилж байгаа нь тогтоогдсон. Иймд тус компанид таван сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Түүнчлэн тус компанийн эдгээр бүтээгдэхүүнийг сурталчилсан хэвлэл мэдээллийн байгууллагад анхааруулга хүргүүлжээ.

-БЕНЗИН ДУТУУ ШАХСАН АСУУДАЛ ИЛЭРСЭНГҮЙ ГЭВ-

Шатахуун түгээх станцууд бензин дутуу шахаж автомашин хэрэглэгчдэд түгээж байна гэсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн байна. Энэ үеэр найман ААН байгууллагын станцыг газар дээр нь шалгажээ. Тус хяналт шалгалтын явцад бензин дутуу шахсан асуудал илрээгүй гэв. Шатахуун түгээх станцууд лац ломботойгоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан гэх дүгнэлт гарсан байна. Харин “Мон суль” ХХК-ийн долдугаар станцад албан ёсны баталгаажилт болох лац нь хөдөлсөн байсан. Энэ нь автомашин хэрэглэгчдэд дутуу бензин шахсан байхыг үгүйсгэхгүй гэх үндэслэлээр таван сая төгрөгийн торгууль оногдуулж, станцын албан ёсны лацаар лацдуулсан байна.

-ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХУЛАДААЛАГДАЖ БУЙ ГУРИЛЫН ЖИН БАЙХ ЁСТОЙ ХЭВИЙН ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ДУТУУ БАЙЖЭЭ-

Мөн зах худалдааны төвүүдэд хийсэн шалгалтаар иргэд хэрэглэгчдэд очиж буй гурилын жин байх ёстой хэвийн хэмжээгээрээ очихгүй байгаа зөрчил илэрсэн байна. Тус зөрчлийг арилгах чиглэлээр гурил үйлдвэрлэгч компаниудад шаардлага тавьж үйлдвэрлэгч байгууллагуудад шалгалт хийхэд жин хэвийн байсан гэв. Энэ нь худалдан борлуулж буй компаниудтай холбоотой асуудал учраас иргэд худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ жинд анхаарч шалгаж авч байх хэрэгтэйг анхууруулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.