Гандангийн дэнжийн учир /хууч яриа/

Эдүгээгийн Гандантэгчэнлин хийдийн оршин буй өндөрлөг газрыг Гандангийн дэнж хэмээн бид нэрлэдэг. Гэвч энэ дэнжийн анхны нэр нь Далхын дэнж нэртэй гэнэ. Тэр ямар учиртай талаар Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн гавж Ц.Лувсан гуай доор өгүүлэх түүхийг ярив. Гандан хийд энд байгуулагдахаас бүр өмнө энд Далх хэмээх нэгэн хүн гэр бүлийн хамтаар амьдарч байжээ. Тэрбээр нэг удаа гурван хонь муулах хэрэг гараад эхний хоёр хонийг төхөөрч дуусаад байтал эхнэр нь хоолоо ид хэмээн дуудсан аж.
Далх хоолоо идсэний дараа үлдсэн хонийг төхөөрье хэмээн бодоод хутгаа тэндээ орхиод гэртээ оржээ. Гарч ирээд хутгаа хайсан чинь олддоггүй гэнэ. Гэтэл нөгөө үлдсэн ганц хонио босгох гэсэн чинь босож өгөхгүй байжээ. Өргөөд хажуу тийш болгосон чинь харин хутга нь хонины хэвтэр дор байна гэнэ. Тэгээд Далх боджээ. Ухаангүй адгуус хүртэл амиа хамгаалж хутга дараад хэвтсэн байхад ухаантай хүн би амьтны амь хороож байх ч гэж хэмээн бодоод “Үүнээс хойш амьтны амь таслахгүй” хэмээн шийджээ. Тэр тухай яриа түүхийг тавдугаар богд сонссон тул “Энэ дэнж эгэл хүнийг бодь сэтгэлтэй болгосон адистидтай газар” хэмээн үзээд Гандантэгчэнлин хийдийг энд байгуулсан бөгөөд энэ газарт олон бодисадва нар төрөх юм хэмээн бэлгэшээн айлдсан гэдэг.

Гүүглээс авав.

/Он цагийг толь группээс хуулав/

+ There are no comments

Add yours