\аман ярианаас сэдэвлэн бичив\
Сэтгүүлч Х.Ган-Ялалт
Таргийн таван ямаатай хазгар хөгшин насны нар хэвийсэн хойноо хөл хүнд болсноо мэдэж, зон олны хэл амнаас дайжихдаа гаргасан шийдвэр нь түүнийг зожиг хажгаар нь нэрд гаргачих нь тэр… гэвч үүлэн чөлөөний наран гийх шиг энэ амьдралд үд хэвийсэн хойно нэг л өдөр өөрийг нь зорин ирж бүлээн хэвлийд нь хүн болон бүрэлдэж, бүүдгэр орчлонг гэгээ татуулан мэндэлсэн жаахан шар охиноо түмэн олны хэл аманд өртүүлж, хэрчүүлэхгүй гэсэн сэтгэл нь зон олны хажиг зожиг хазгар доголонгоор дуудан барин муулахаас айсангүй ээ.
Хазгар хөгшний хамгийн том айдас охиныг дөрвөн настайд ирэв. Учир нь амьдралын өнгийг мэдэхгүй ангайж инээж божийтол цадсан бор ходоодоо гарган дэрвэн гүйх хөөрхөн насандаа яваа ангир үр нь алсын юмыг анирдан алдахгүй хэлдэг, айл саахалтын сайн муу үйлийг аль эртнээс мэдэж ээждээ эгээ л насанд хүрсэн том хүн шиг хэвлүүхэн хуучлах болсон учир сайн хэмээн баярлахаас илүү буг чөтгөр хэмээн булцгархан үрийг нь ад үзэх вий гэхээс үхтэлээ айсан эх навсархай дээлийнхээ хормойд нар сарнаас ч болов нуух гэж ядна.
Гэтэл хүсэхэд хясах гэдэг шиг ангир үр нь өдрөөс биш цагаас өсч байна уу гэлтэй, үүлтэй тэнгэрийн элч шиг үзүүртэй амьдралыг шоглол шиг үйлтэй хазгар эхдээ ч баригдахгүй өсөн торниж өнгө хувирсаар 16 нас хүрэхэд булавч бултайна, даравч дардайна гэгч болж, чин үнэнийг нутгийн олноос нуухын аргагүй болсонтой зэрэгцэн “хазгар чавганцын ганц охин Удган гэнэ. Харж байхад л өнгө хувираад заримдаа үүлэн чөлөөний наран ч ичмээр үзэсгэлэн гуа болж, заримдаа үжирч хувхайрсан өтөл мод шиг болж хувирч өөрчлөгддөг юм байна” гэсэн яриа хаврын цагаан өвсөнд тавьсан түймэр шиг л тархаж байв…
Охины сургийг сонссон нутгийн зон олон хорвоогийн өнгөнөөс зугтсан ижий охины навсгар хар гэрийн зүг жимээс зам болтол цувах нь өдрөөр ихэсч, “ижий минь, ижилгүй хүн манай нутагт төржээ, босго давахад л хүний өмнө гурав, дараа гурван төрлөөр нь хэлж байна. Догшин ширүүн ч гэж үйлийн үргүй хүн юм” гэсэн наминчлан сүсэглэх хүмүүсийн яриа дэлгэрч, охинд үзүүлж, амьдралын зургаа мэдэх гэсэн, зуруулах гэсэн хүмүүсийн хөл нутгийн дээсээс хальж эхэлсэн гэдэг.
Хүмүүний амьдрал өнгөтэй будагтай. Хазгар чавганц хааяа нэг охинтойгоо газар тэнгэр нийлтэл муудалцах болж, тэр бүрийд ижийн нулимс газар бүрхэж тэнгэр дүүртэл урсана. Харин Удган охины дуу тэнгэр дуугарч цахилгаан цахилж буй мэт… ийм л нэгэн хэрүүлийн дараа Удган охин ээждээ, “хазгар нохой сонс. Аманд орсоноороо намайг бүү хэл, хэлний бузар болсон үгийг чинь сонсох бүү хэл хэлэхсэн гэж бодож яваа үгийг чинь би уншиж байна… ганц юм хэлье, гай болж танайд төрөөгүй, гайгүй саванд чинь наран мэт гэрэлтсэн миний тавилан юм. Сайн эрстэй явалдаж намайг бүтээгүйгээгүй, савны чинь эрүүлд хэвлийд чинь хүний төрлийг олсон юм. Ийм байхад элдэвээр бодож энэ амьдралд эргээд буцах насыг минь битгий хэмжээд бай…” гэх мэтээр ихэд зандран хайлахад “хазгар ч гэсэн хамгаа баран чамайг хүн болгосон, харахад навсархай ч хүний тавиланг хүрч хүний зэрэгт явахад чинь энэ гэр минь чамд нөмөр нөөлөг болсон. Идсэн идүүр рүүгээ нулимж, энэ биеийг чинь тээсэн намайг гомдоох чи эрлэгийн элч рүүгээ яв, үйлээ эдэлсэн би яах вэ, хөрс тдэлхий намайг даахгүй гэх биш хүний л тавилан юм зовохдоо зовж, зүдрэхдээ зүдрээд туулж бараад нэг л өдөр шингэх хөрс…” гэх мэтээр ихэд гашуудсан эх удган зангаа тавихгүй давилуунтах охиндоо хэлж харамссан хар нулимсаа унагасан гэдэг…
Удган охин 20 насны босгон дээр хөл хүнд болж, туниа муутай хөвгүүн үлдээгээд хөрст дэлхийгээс буцахдаа өврийн хөндийд байрлах өвөлжөөний арын овоон дээрээсээ өөрийгөө буудаж егүүтгэж. Энэ үйлийг хийхийн өмнөх өдөр урьд хожид гаргаагүй сайхан занг эх, нярай хүү хоёртоо үзүүлж, их усны мандал шиг мэлмэрсэн гэдэг. Гаргаж буй авирыг нь гайхшран ажиглах эхийгээ үелзсэн сайхан инээмсэглээд шагнаад “ижий хардах хэрэггүй намайг. Гэхдээ үйл ингэж л ирдэг. Өнгөт орчлонд хүн ирнэ, бас буцна. Бүх амьдрал хэмжээстэй. Миний амьдрал ч хэмжээтэй, таны амьдрал ч хэмжээтэй. Хэрэв та надгүй нарт хорвоог туулахад хэцүү байгаа бол намрын дунд сарын шинийн 15-нд миний гэх бүх хувцасыг гаргаж дэлгээд дэргэд нь өөрийнхөө хувцасыг мөн гаргаж тавиараа. Охин тань 20 насыг туулахдаа таныг мундахгүй зовоосон ч жаргаасан нь бас их билээ. Тиймээс чадах бүх эрдэмээ таныг эгэл биш ертөнцөд очиход чинь туслахад зориулж чадна. Таныг зориод ирэх намрын дунд сарын 15-нд та бидэн хоёрын хувцас бэлэн байвал одоо очих ертөнц руу аваад явна аа ээжийгээ. Харин өвдөл жоохон нэхийнд боолттой өөдсөн чинээ үрээ бол орхино оо. Энэ хүн бол саарал орчлонг гийгүүлж, сайхан ээжийнхээ дутууг гүйцээхээр ирсэн юм хэмээгээд өлгийнд үнэгчлэх үрээ нэг удаа тэвэрч нэлээд удаа үнэрлээд, “ижий нь буцах хугацаа боллоо. Ир гэсэн цагт ирж, яв гэсэн цагт явах нь мунхаг хүмүүний амьдралын мөн чанар юм. Энэ амьдралд би хангалттай амьдарч, хангалттай амьсгалав. Энэ хүүхдийг та өсгөж чадахгүй юм чинь нуган үр хүссэн нутгийн айлд өргүүлээрэй. Өргүүлээд гарахдаа үүрд бүү март гэж “өвсөөр шатааж, чулуугаар цохьсон ч энэ хүү хүн болно, бүү санаа зов. Харин өл нутгийн цагаан зээрийн мах л амсуулж болохгүй шүү. Амсуулах бүү хэл үнэртүүлэхэд аминд нь цөвтэй. Энийг мартахгүй өсгөж чадвал эхийн эрдэм хүүд өвлөгдөж энэ нутгаа хамгаалах номтой хүн болох юм”… үүнийг сайн захиарай” хэмээгээд гарсан гэдэг.
Харамсалтай нь хазгар чавганцын үгийг тоосонгүй юу, халил ертөнцийн жамыг үл ухаараа юу, хөвгүүнийг өргөж авсан гэр бүл анхиа муутай, ажил тааруу айл таарсанаас болсон уу, хүйтэн өвлийн хөр цаснаар хамаг малаа барж, хотоо харлуулчихаж. Малаа барж, модоо барьсан өрхийн тэргүүн баяны хаяа түшиж малын зах хөөхөөс илүү хангайн хишгээр амь зуухаар шийдсэнээр Удган ээжийнх нь захиас алдарч гуравхан насандаа өөд болсон гэдэг. Учир нь хөвгүүнийг өргөж авсан өрхийн анчин эцэг хүйлэн хөх орчлонгийн газар тэнгэрийн савсалгад хөвөлзөх их цагаан зээрээс намнаж ирэн өл залгасан шөнө Удган ээжийн ганц хөвгүүн энэ орчлонгоос үүрд явсан гэдэг.
Нутгийн Удган хүний амьдралаас буцаад найман жил өнгөрсөний дараа жилийн намар хазгар чавганцад охины явахдаа хэлсэн дохио хоёронтоо ирсэн гэдэг. Охиноо эргэж ирэхийг мэдсэн ч өөчилж гоочлох сэтгэлдээ автаад өмөрч цөмөрсөн итгэлдээ хүлэгдээд хүслийг нь хясаж, хөдсөн дээлийг нь гаргаж тавьсангүй. Харин ингэж зөрүүдлэх нь эргээд хор уршиг болохыг тооцсонгүй, тоосонгүй гэнэ. Гэтэл нар буцсан намраар ирсэн хоёр ч дохиог нэг л анзаараагүй өнгөрүүлсэн хазгар хөгшинг өдөр бүхэн л түүдэг аргалаа түүж мааригнасаар саахалтын хэртэй холдож явтал тэнгэр газрыг холбосон үүлэн хээтэй солонго үзэсгэлэн төгөлдөр суунагласаар эмгэнийг бүрхэн татаж гэнэ. Эхлээд юу болоод байгааг анзаарч ухаараагүй эмгэн солонгын сүүлийн туяа татран алсрах үеэр “өнөөдөр намрын сүүл сарын шинийн 15 юм байна хэмээн шивнэх” мөчид өөжин бор гэрийг нь өнгийн солонго ээрч, эгээ л бурхан багш л ийм харшид амьдардаг байх даа гэмээр сүндэрлэж байх нь тэр…
Харин охиныхоо дохиог үл анзаарч, охин, зээгийнхээ ард орсон хазгар ижий хүний амьдралын түүхэнд 100 гаргаж насалсан ч жаргасан өдөр цөөхөн. Буцах өдрөө хүртэл өлсч цангаж, үгээгүй ихээр зовсон гэнэ лээ…
2018 оны 04 дүгээр сарын 21. Улаанбаатар хот. Баязүрх дүүрэг.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.