100 айлын захыг нүүлгэх үү

Нийслэлийн Иргэдийн хурлын  төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10,11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар  нүүлгэн шилжүүлэх талаар яригдаж байсан юм.

Тэгвэл  өнөөдөр тус газар худалдаа хийдэг наймаачдын төлөөлөлд барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг ажлын  хэсгийн ахлагч Ч.Гантулга танилцууллаа.

Бидний хэлж заншсанаар 100 айлын  орчимд энэхүү асуудлыг аж ахуйн нэгж , бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр  дараах гурван үе шаттай ажлыг  2018-2020 онд хийхээр төлөвлөж байгаа юм  байна. Үүнд:

Нэгдүгээр    үе шат

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ  зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай, хоол хүнс барилгын материал болон бусад   худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар түргэн үйлчилгээний цэг, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг,төмөр цонхны болон бусад химийн хортой  үйлдвэрийн үйл  ажиллагааг зогсоох,нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/

Хоёрдугаар үе шат

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах,

Гуравдугаар үе шат

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10,11,12 дугаар хороодод дахин  төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах зэрэг ажлууд тусчээ.

БИД ДЭМЖИНЭ 

Энэ талаар худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Б.Лхамсүрэн ийн ярилаа. Тэрбээр”100 айл орчмыг нүүлгэнэ шилжүүлнэ гэдэг асуудлыг цуурхал хэлбэрээр гурван жил хэртэй сонслоо. Иргэдийн хурлын төлөөлөгчид бид нарыг  хүлээж аваад  захын үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх асуудлын талаар ярилцаж байгаад баяртай байна. Захыг үе  шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөтэй  сая танилцлаа. Шууд нэг өдөр нүүлгэнэ гээгүй, шат дараатай олон ажил   төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 100 айл захад  4000 орчим лангуу эзэмшигч, 100  гаруй компаниуд  ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд орчноо сайхан тохижуулах, цэвэр цэмцгэр суух, соёлтойгоор хүмүүст үйлчлэх гэдгийг бид мартсан байна. Бид эдгээр шаардлагуудыг дэмжинэ бас хэрэгжүүлнэ” гэв.

Барилгын материалын зах  орчмын сургуулийн 153 сурагчдад 2016 онд хийсэн цусны шинжилгээгээр 60,1 хувь нь хар тугалга илэрсэн. Энэ нь хэмжээнээс тав дахин өндөр  гарсан аж. Хар тугалганы бохирдолд удаан хугацаанд өртөхөд мэдрэл, зүрх судас бөөр  хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байна. Үүнээс үүдээд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх мөн байгаль орчныг  хамгаалах тухай холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн  гэж үзжээ. Иймээс  нийслэлийн төв цэгт орших 100 айл  орчмын  барилгын материал худалдааны захын стандарт шаардлагыг  мөрдүүлж  ажиллах , гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар хөрсний   бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг  нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг албаны хүмүүс онцолж байлаа.

+ There are no comments

Add yours