Гурван нярай төрүүлсэн эхдээ хаягдаж, хоёр нь амиа алджээ 

2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчилсэн хуульд заасанчлан хүүхдээ “хаях, төөрүүлэх” гэсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр 2016 онд улсын хэмжээнд найман хүүхэд, 2017 онд 11 хүүхэд эцэг эхдээ гологдож, шалз шиг хаягдсан гэсэн харамсалтай тоон мэдээлэл байна. харин 2018 он гарсаар эхний хоёр сарын байдлаар төрүүлсэн үрээ хогийн саванд, айлын хашаа руу шидчихсэн гэх мэт аймшигт сэдлээр үр хүүхдээ хаясан гурван тохиолдол бүртгэгдээд байгааг эх сурвалж мэдээллээ. Эхний хоёр тохиолдлыг уншигч та бүхэн мэдэж буй.

 Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭХЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан эхийг эрэн сурвалжилж олж илрүүлсэн. Тодруулбал, хүүхдийн ээж 22 настай А гэх эмэгтэй сэтгэцийн хувьд эрүүл саруул нэгэн бөгөөд ердөө л эцэггүй хүүхэд өсгөж чадахгүй гэх шалтгаанаар хүүхдээ торонд хийгээд хаясан гэдгээ цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байдаг. Түүнд хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Харин хүүхэд нь эрүүл саруул байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй.

Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байх айлын хашаанаас 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 3.400 грамм жинтэй, 53 см урттай эмэгтэй нярайн цогцос олдсон билээ. Гэвч өдийг хүртэл хүүхдийг айлын хашаа руу шидэж орхисон цэвдэг сэтгэлт эхийг цагдаагийнхан хайгаад олоогүй байгаа юм. Хүүхдээ төрүүлээд хаясан эмэгтэйг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсээс одоо хүртэл эрэн сурвалжилж байгаа бөгөөд дээрх эмэгтэй нь жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад оролгүй явсаар эмнэлгийн бус орчинд төрсөн байх магадлалтай байгаа гэдгийг эх сурвалж мэдээллэсэн.

Түүнчлэн энэ сарын 2-нд нийслэл хотод бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 20-р хороонд явж байсан иргэн өглөө 11 цагийн орчимд дулааны шугамын засварт цэнхэр хадганд боолттой зүйл байгааг харжээ. Улмаар лавшруулан харахад хадганд ороосон, дөнгөж төрсөн нярай хүүхдийг цогцос байсан аж. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр эхийг нь хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

1. Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

+ There are no comments

Add yours