БНХАУ-ын компани уг концесст шалгарснаар монголчуудад ямар эрсдэл учирч болохыг дурдлаа. Тухайлбал:

1. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах “Багануурын цахилгаан станц” төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станцыг барих концессын гэрээнд багтсан барилгын хугацаа (4  жил), ашиглалтын хугацаа (21 жил) нь нийт 25 жил байгаа нь монголчууд 21 жил хятадуудад ашиглуулна гэсэн үг гэлээ.
2. “Багануур пауэр” ХХК нь 2015 оны наймдугаар сарын 28-ны өдөр “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай байгуулсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд ч Монголын талд хохиролтой заалт орсон байгаа аж. Тус гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг гэрээнд заасан тарифаар худалдан авах үүргийг Монголын тал хүлээжээ. Харин худалдан авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг Монгол Улсын Засгийн газар барагдуулах үүрэгтэй.  Гэтэл гэрээнд заасан 4.2 тэрбум кВт эрчим хүч нь Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 60-70 хувьтай тэнцэж буй учир ДЦС-уудын үйлдвэрлэл зайлшгүй буурч, улмаар хаагдаж болзошгүй нөхцөлд хүргэх, хэрэв хаагдвал 3000 монгол хүн ажилгүй болно гэсэн үг ажээ.
3. Багануур цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ 9 цент буюу 225 төгрөг байхаар зааж өгчээ. Монгол Улс өнөөдөр ОХУ-аас импортлож буй  цахилгаан эрчим хүчний 1 кВт-ын үнэ 81.8 төгрөг байгаа. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ импортлож буй цахилгаан эрчим хүчний үнээс 3 дахин үнэтэй, ам.долларын ханш өсөхөд улам нэмэгдэхээр гэрээлсэн нь хэнд ашигтай, хэний хийсэн ажил вэ?
4. Дэлхийн жишигт цахилгаан станц барих өртөг дунджаар 1 мВт нь 1 сая ам.доллар байдаг. Энэ жишгээр тооцож үзвэл 700 мВт хүчин чадалтай Багануурын цахилгаан станцыг барихад зарцуулах өртөг 700 сая ам.доллар байх ёстой атал 1.2 тэрбум ам.доллар буюу 2 дахин өндөр үнээр баригдахаар болжээ.

Энэ мэтчилэн шинжилж тооцоолж үзвэл хардалт дагуулсан маш олон тоо баримт бий гэдгийг “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр, Багануур иргэний нийгмийн төлөөлөгч Д.Баатарсүрэн, эрчим хүчний инженер Т.Минжүүр нар дурдлаа.

Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын цахилгаан станцын тендерт ялсан нэр дурдсан компани нь 30 орчим сая ам.долларын хахууль өгсөн гэдгийг хэвлэлийн хурал хийсэн төлөөлөгчид мэдэгдээд энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой гэлээ.

БНХАУ-ын гадаад бодлого, үзэл баримтлалд гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө оруулалт, өмчийг цэрэг-зэвсгийн хүчээр хамгаалах гэсэн онцгой заалт бий. Багануурын цахилгаан станцтай байгуулсан гэрээний хугацаанд цахилгааны төлбөр саатах, нүүрсний хэрэглээг нь хангаж чадахгүйд хүрэх зэрэг асуудал гарахад өөрийн улсын хөрөнгө оруулалтыг дээрх заалтаараа хамгаалах боллоо гэхэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учрах эрсдэлтэй. Тиймээс улсынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг тооцоололгүй байгуулсан энэ мэт төсөл, концессийг эртхэн шалгаж, бодит гэрээг ард иргэдэд таниулж, улмаар зогсоох Засгийн газар, холбогдох яамд, АТГ, Тагнуулын байгууллагын анхаарах асуудлын нэг гэдгийг иргэний нийгмийн төлөөлөгчид онцгойлон хэллээ.