“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчид авсныг цэц хянан хэлэлцэнэ

Маргааш 9.30 цагаас Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК (ЭҮ), “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэж байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ тогтоол гарган ОХУ-аас худалдан авсан ЭҮ-ийн 49 хувийг төрд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Энэхүү тогтоолийг гүйцэлдүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар ч олон янзын шийдвэр гаргаад буй.

Тэгвэл УИХ-ын 23-р тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж хэсэг хуульч Үндсэн Хуулийн Цэцэд (ҮХЦ)  2017 онд хандаад байв. Харин маргааш энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Хэрвээ ҮХЦ-ээс ЭҮ-ийн 49 хувийг төрд авсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл нөхцөл байдал маш ярвигтай түвшинд очих юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын 23-р тогтоолыг дагаж гарсан Засгийн газрын бүх шийдвэр асуудалтай болж эхлэх юм. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээ УИХ мөн хэлэлцэн шийднэ. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол ЦЭЦ энэхүү шийдвэрийг хэлэлцэх Их суудлын хуралдаанаа зарлах боломжтой. Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас гарах тогтоол нь эцсийн шийдвэр байдаг билээ.

+ There are no comments

Add yours