Би дөрвөн хүүхдийн эцэг хүн

3 хүүхэдтэй болохоор эхнэрээсээ салж болдоггүй юм байна.Дөрвөн хүүхэдтэй бол хүүхдүүдээ тэнцүү хуваагаад хоёр тийшээ болоход асуудал алга гэж эхнэрээ цаашлуулж байдаг лдаа би.Тэгсэн одонгийн охин өнгөрсөн жил гараваа. Ууганаа пийтко залгасанаа “за хэзээ салах гэж байна”гэж авсан. Чи одоо юу гээд сулиараад байгаа юм бэ гэсэн чинь утасны цаанаас нээх балиар инээснээ чи өөрөө тэгдэг л биздээ гэв. Билэггүй юм яриад пийтко чинь.
Яаа амьдрал бас л шуугиантай байнаа.4 хүүхэд гэдэг чинь 3 хүүхдээс замбараагүй их юмаа. Ийш тийшээ явах гэж зүгээр галуун цуваа. Тэврэхийг нь тэврээд, хөтлөхийг нь хөтлөөд байхад л хүүхдүүд дуусахгүй. Үүдэнд хувцасаа өмсөх гэж бөөн бужигнаан. Соёлын төв өргөөний үзвэрийн өлгүүр юмуу хаашаа юм. Өмсгөөд л байна өмсгөөд л байна. Олон хүүхэдтэй хүн чинь эхнэрээрээ их загнуулдаг юм байна. Ямар буруу юм хийснээ мэдэхгүй л загнуулаад байх юм. Хүнд тусалсангүй, түрүүлж хувцасаа өмсчихөөд үүдэнд очиод хүн яарууллаа гээд л эхнэр загнах. Энийг ав, тэрийг үүр гээд л. Намайг зил 130 машин шиг ачиж байна бараг.
Яг сайхан машинд суух гэж байтал тийм юм мартчихаж буцаад аваад ир гэх юм.Өнөөхийг нь гэртээ хайгаад олноо гонж. Тэгээл загнуулах юм. Яг тэнд байгаа, яг тэр шургуулганы доод талд гээд их мундаг зааж байгаан. Хайж байгаа зүйлийн огтлолцол,солбилцлыг хэлсэн ч маниус даанч олохгүй юм. Эхнэр хажуугаар амандаа бувтнаж очоод ганцхан шургуулганаас л олчих нь илбийн юм шиг. Одоо нөгөө олсон юмаа надруу “энэ л байгаа биз дээ” гэж уурлаад шиднэ гэж бодоод бултах бэлтгэлээ базаагаал биеэ хураадаг наасан. Аарцгандаа нүдтэй юуч олдоггүй гээд л их загнуулж байна доо. Уг нь яг заасан газар нь эрээд эрээд олохгүй байгаан. Олоё гэсэн сэтгэлгүй нүд нь шаал өөр зурагт мурагт ширтчихсэн хайхаар яаж олох вэ дээ гээл загнах. Уг нь ч үнэн л дээ. Ер нь эхнэрүүд үнэнийг хэлдэг л дээ.
Дэлгүүрээс ийм тийм юм аваад ир гэхээр нь за гээл гарна.Байхгүй ээ дэлгүүрт ороод зарим авах юмнуудаа мартчихна. Худалдагч нь хэдэн нойморын памперс уу гэхэд л паг. Эхнэрлүү залгахаар чамд хэлээд гаргаж байхад гээд л зэмлүүлнэ.
Надад ор олдохоо байсан. Удаан эхнэр дээгүүрээ гуяа давуулж шидээд унтдаг хуучны цаг будаа. Хэрэв оронд унтахаар бол жижигүүд шөнө уйлалдаад үнэн нойрны дайсан. Надад бүтэн зай олдохгүй хоёр талаалаараа ээлжилж гөөхийдсөөр байгаад бие чилнэ. Хөнжил мөнжил байхгүй ш дээ. Үзүүрийг нь зуураад унтвал их юм.
Сүүлийн үед хоноцын гудсаа дэвсээд унтдаг болсон. Романтиклах үедээ эхнэрийн орны урдуур бусад үед том өрөөндөө унтана. Урдуур нь унтахдаа хөл мөлөөрөө эхнэрийн хөнжлийг нь оролдож романтаглах гэж байгаад бас загнуулна. Зөв цагаа олоогүй л байхгүй юу. Сайхан эхнэрийн минь хоёр мөөм аль 10 жилийн өмнөөс хүүхдүүдийнх болсоон . Би зүгээр л хааяа хардаг юм.
Надтай унтах хүүхдүүд нэн ховор. Нийт хүүхдүүдийн дөнгөж 25% нь надтай унтана гэх.Уг нь хүүхдийн өрөө гээд нэг юм байдаг ч тэндээ унтанаа гонж. Ээжтэйгээ л унтахыг эрмэлзээстэй. Шөнө яг сайхан унтаж байтал их нүүдэл ирнэ дээ. Бага дүүгээ хөл гараараа тийрсэн, сэрээсэн гэсэн үндэслэлээр ээждээ загнуулсан дүрвэгч нар надруу уйлалдаж ирнэ. Миний муу гудас дүрвэгч нарын хуарангаар дүүрээд би өөрөө дэвсгэр дээр хоёр гараа гуяндаа хавчуулчихсан атийж сэрсэн өглөө тоймгүй.
Хүүхдүүдийнхээ төрсөн он сар, нас, жил милийг нь хольж солиод байх юмаа.Эмчид дунд хүүд юм хум бичүүлэх хэрэг гараад. Эмч: Хүүгийн чинь төрсөн он сар л гэлээ. Би бодлоо. Яг багшид асуугдаж байгаа юм шиг нүдээ эргэлдүүлээд бодтол эмч “хүүшээ хүүхдийнхээ он сарыг мэддэггүй юмуу” гээд бас загнах нь. Олон хүүхэдтэй юмаа эмчээ гээд муухан инээмсэгллээ ш дээ. Хоёр байхад гаргаадаггүй байсан чинь 4 болохоор үнэндээ бодох хэрэг гарна. Байнга хүүхдүүдээ нэрээр нь хольж сольж дуудах юм би. Би тэр ш дээ та яагаад намайг ахын нэрээр дуудаад байгаан гээл бас л зэмлүүлнэ. Эрх биш хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд сурдаг , эрэгтэй, эмэгтэй гэсэн нарийвчлалтай л байна. Заримдаа манай энэ хэддүгээр анги билээ ч гэж бодогдоно оо.
Хүмүүс олон хүүхэдтэй аавыг хуц ухна гэж харна. Эхнэрээ тувт ноолоод олон хүүхэдтэй болгож гэж бодох. Үхссэн баас байхгүйшдээ. 4 хүүхэд гаргалцсан идэр залуу насандаа бэлгийн хорионд байдаг амьтад. Нөөж нөөж байгаад ганц ойртоход л эхнэр жирэмсэн.Тэгээд хөл хориод ордог. 15 жил цагаан сүү татраагүй энгэрийг нь хүүхдүүдтэйгээ булаалцалдаад байлтай нь биш. Хүүхдүүдийг минь эрүүл саруул бойжуулсан бурхан мөөмөнд нь залбирах нь холгүй.
Хүүхэд гаргахын тоогоор эхнэрийн нэр хүнд өсөж эцгийн нэр хүнд унана. Олон хүүхэд гаргаж өгсөн сайн бэр гээд хадмууд нь есийн давааны засуул шиг дашраараа ханарна.Найзууд танай удаан ч сайн бүсгүй юмаа чамд дөрвөн сайхан хүүхэд гаргаж өглөө гээд л.
Манай хүргэн олон сайхан хүүхэд хийсээн гэж ярих хадмуудыг та нар сонссон уу. Эсрэгээрээ хайран сайхан охиноор минь баахан хүүхэд гаргуулж зовоогоод гэсэн харц шидэлнэ. Ер нь дээр үеэсэ нааш олон хүүхэдтэй айлын нөхрийг их адладаг ш дээ. Заримдаа ч хөлс бурзайх юмоо.
Баяр ёслолоор энэ тэнд цөм шатнаа. Би тэрийг авна, би энийг авна гээд л өнөө муу бор түрийвний сүнсийг нь зайлууах шахна. Олон хүн дотор аав нь мөнгөгүй ээ гээд байлтай нь биш дүүрсэн хэрэг гээд л цацчихаж байгаан. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангана гэдэг чинь олон хүүхэдтэй аавуудад зориулж хэлсэн үг бололтой.
Хоол унд идэх болохоор хүүхдүүд тувт юм үлдээнэ. Өө аав зүгээр үлдэгдэл хамдаг ажилтай. Гүлхчихсэн чихэрээ амруу чихнэ. Бараг хоол аягалахгүй хүүхдүүдийнхээ үлдэгдлийг идэхэд болмоор. Нэг удаа хивсэн дээр бор шихлаад дусчихсан байхаар нь хуруугаараа аваад хаях гэснээ мартаад долоосныхоо дараа хэн энд баачихваа гээл орилох жишээний. Бүгд л намайг шоолж инээлдэж байх. Орой сайхан зайрмаг авчирхаараа аавыг тоонд оруулахгүй. Ер нь амттай ямар нэгэн юманд аавын нэр байхгүй. Дутвал шууд ааваас авна, хасна.
Оройд тайван хөлбөмбөг үзүүлнээ гонж. Аавыг номхон тэмээ шиг ноолно. Дээгүүр зарим нь үс зулгаана, доогуур мөлхөж ирээд хөл хазна, дундуур зарим нь төмсөг хага гишгэх шахна. Ёооё гэх эрх байхгүй.
Нэг нь шатар барьчихсан, нөгөө нь хөзөр барьчихсан тоглохыг шаардана. Хожихоор дахина гэнэ. Нэгэнтэй нь тоглохоор нөгөөх нь барьцаад заавал тоглох хэрэг гарна. Удирдлага аваад нуучихна.Алив удирдлагаруу залга утас хаа байна гэж манархаар утас олдохгүй.
Гэрт эвгүй үнэр гарах, унгах энэ тэрд аав л хардагдана. Ээж тэнд аниргүй писхийчхээд мушилзсаны хэргийг аав үүрнэ. Юм асгасан, 00 завааруулсан гэх мэт болж бүтэхгүй юманд хүүхдүүд хэрэг үүрэх чадвартайгаар нь аав тэгсэн ш дээ гээд ээжид матна. Хүүхдүүд хэрэг хийхээр “энэ чиний хүүхдүүд чинь” гэж ирээд л эхнэр загнана. Аавууд ойлгосон, ойлгоогүй манарсан царайтай.
Ээжийн орлого бол ээжийн л орлого. Аавын орлого бол ээжийн л орлого. Төр нь хүртэл хүүхдийн мөнгөө ээжийн дансанд хийнэ. Аавуудад итгэнээ гонж.
Аавын хувцасыг хамгийн сүүлд угаана. Ээж хувцасаа 45 минут, хүүхдүүдийнх 30 минут. Өө аавын хувцасыг 15 минут угаахад хангалттай. Аавд угаах хувцас бараг байхгүй. Нийт өрхийн хувцасний 5% г эзэлвэл болоо. Хэдэн сороочик ганц пиджаакаа хичнээн ч шинэ жилээр өмсөв. Он оны зурагнуудад өнөөх л пиджаактайгаа.
Ажил дээр хамгийн том босс аав гэртээ ирээд бөөс. Үдэш орой шоудахад хүүхдүүд залгана. Ээжийн явуулга гэж уг нь мэдээд байгаан. Том нь залгахад “за жаахан цаг байгаан байна” гэж бодно. Тэгээ л доошоогоо дарааллаараа залгана. Та яагаад ирэхгүй байгаан, хурдан ир гээд л. Аав шууд хошгорно. Уг нь ээжийн явуулга. Жаахан оройтоод яаран, яаран гэртээ ирэхэд нам гүм. Бүх хүүхдүүд унтчихсан. Гэр аймшигтай нам гүм. Эхнэр яах бол гэж айгаад нөгөө бааранд согтуу томроод байсан аав чинь цоо эрүүл. Гүй ээ харин явуулдаггүй эрийн сайндаа л гарч ирлээ Баяраа эднуус ёстой юм үзээгүй юм шиг уугаад үлдлээ гээл эхнэртээ тал засна. Хүүхдүүд унтаж байна архи үнэртээд байна цаанаа унт гэсэн тушаалыг “за” гэж аваад л нимгэн гудас, даавуугаа нөмрөөд хэвтэнэ. Шөнө дунд нөгөө их нүүдэл ирээд юучгүй болгоно.
Хавар манай эхнэр одонгоо авна. Би хамт очиж зогсмоор байна. Тэгэхгүй бол миний нэр гарахгүй байна ш дээ. Манай эхнэрийг Суурийн Удаан гэж дуудаал одонг нь гардуулах бололтой юм. Миний нэр гарахгүй хадмын нэр гараад байна ш дээ. Манай эхнэр ямар эцэггүй 4 хүүхэд төрүүлсөн биш ганцаараа очоод муухай ш дээ.Эхнэрийнхээ хажууд царай муутай ч гэсэн Шагж 4 хүүэдтэйгээ зогсож байвал бүтэн харагдана биздээ.
Тэгээл ярилцлага өгөөд л. Би өөрийгөө энд зогсох эрхтэй хүн гэж бодож байна. Энэхүү амжилтыг гаргаж 4 хүүхэд бүтээхэд өөрийн хувь нэмрээ чадлаахаа оруулсаан.Шөнө өдөргүй зүтгэсээн. Ард түмэндээ баярлалаа гэж мэгээд л.
Энэ одонд эцгийн хэр хаягдаад байна яахуу ийхүү гээд Лхагваа ахад хэлсэн чинь “Чи нэг мөр зургаан хүүхэдтэй болчихоод 1-р одонгоо эхнэртээ зүүлгээд 2-р одонгоо өөрөө зүүгээд хосоороо шажигнасан юм явахгүй юу” гэж авсан. Энэ тухайгаа эхнэртээ хэлсэн чинь дунд хуруугаа үзүүлж байна лээ.
Одонтой ээжүүд гээд лут том фэйсбүүк груп байдаг юм байна. Тэнд хөөрхий аавууд биднийг яаж базах тухай их ярьдаг байхдаа гэж хардаад байгаа. Хэдүүлээ нийлж байгаад сөрсөн базаа маягийн “Нэр нь тодроогүй баатрууд гэдэг ” груп нээе , тэхүү. Эрх ашгийнхаа төлө тэмцэе ха ха ха. За нэг иймэрхүү.
Амьдрал сайхандаа сайхан. Хэдүүлээ болж өгвөл эерэг бодолтой л байя. Монгол хүний заяа гэж нэг юм байдагдаа. Удахгүй дор бүрнээ сайхан болцгооноо.
Олон хүүхэдтэй аавын үүрэг хүүхдүүдийнхээ тоогоор нэмэгддэг. Гэрээсээ хол яваа аав чимээгүй инээмсэглэж байгаа бол хүүхдүүдээ бодоод л тэр. Ээж болох ямар агууг бид төсөөлдөгч аав болох нь эр хүний амьдралын хамгийн сайхан мэдрэмж билээ. Өдөрт бараг хэдэн зуун удаа ааваа, гэж дуудуулаад хүүхдүүдтэйгээ шуугилдахаас илүү жаргал хаана ч байхгүй.
Аяны замаас дөрөө мулталж гэрийнхээ хаалгаар ороод хүүхдүүд, эхнэрээ үнсэхэд манайд үргэлж цагаан сар болдог.
Одонтой ээж аавууд, одонтой болох зорилт тависан ээж, аавууддаа зориуллаа. Та бүгдийн халуун дулаан сэтгэгдлүүд намайг цэнэглэдэг билээ.Цаадуулаа мээншиндэхээ мартав.
Монголын хүүхдүүд маш олон болох болтугай.
“Хорвоо дээрх бүх мөнгө, хүч чадлаас илүү баялаг бол гэр бүл үр хүүхдүүд” Загалмайлсан эцэг кино. Дон Вито Корлеони.

FACEBOOK COPY

+ There are no comments

Add yours