Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр бүсчилсэн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн Суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш болон тус сангийн Монгол Улс дахь хөтөлбөр хариуцсан захирал Ч.Оюунгэрэл нарыг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Фридрих Эбертийн Сангийн зүгээс Монгол Улсын хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Улсын Мэргэжлийн Хяналтын газартай хамтран хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хэрэгжүүлсэн бүсчилсэн сургалтууд амжилттай болсныг дурдаад уг сургалтыг цааш үргэлжлүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлэв.

Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд хөдөлмөрлөх эрхийн бүсчилсэн сургалт үр дүнтэй болсонд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлээд, хоёр тал сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар тохиролцлоо.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс “Бизнес ба хүний эрх” үндэсний хөтөлбөрийг батлуулах ажлыг эхлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд эхэн үед судалгааны түвшинд хамтарч ажиллах саналыг Фридрих Эбертийн Сангийн төлөөлөлд тавьж, уг ажлыг ирэх 2018 оны дундуур эхлүүлэхээр боллоо.

Түүнчлэн өнөөгийн тулгамдаж буй хүний эрхийн асуудал, тухайлбал бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, уул уурхайтай холбоотой гарч буй нутгийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа зэрэг олон асуудлаар харилцан санал солилцов.

+ There are no comments

Add yours