ЗЭВСГИЙН ХУДАЛДАА ДЭЛХИЙ ДАЯАР 1.9 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2016 онд зэвсгийн худалдаа дэлхий даяар нэмэгдсэн нь сүүлийн таван жилд анх удаа ингэж өссөн үзүүлэлт бөгөөд олон улсын геополитикийн хурцадмал асуудлаас болж улс орнууд батлан хамгаалах зардлаа өсгөсөнтэй холбон тайлбарлаж байна.

Стокгольмын олон улсын энхтайвны судалгааны институтийн судалгаагаар зэвсэг үйлдвэрлэгч томоохон 100 үйлдвэрийн худалдааны  хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.9 хувиар өсч, 374.8 тэрбум ам.долларт хүрчээ.

‘Зэвсгийн худалдаа нэмэгдэхэд  нөлөөлж буй хүчин зүйл нь хэд хэдэн орон цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буйтай холбоотойгоор холбоотон орнуудад цэргийн хамтарсан сургуулилт тогтмолжиж, зарим  бүс нутагт улс төрийн нөхцөл байдал хурцадсан явдал юм” хэмээн тус институтийн судалгаанд дурджээ.

БНСУ-ын армийг зэвсгээр хангадаг дотоодын зэвсэг үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ өсгөсөн нь хөгжилтэй орнууд дундаас хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.  Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллээс сэргийлэх, хамгаалах зорилгоор БНСУ зэвсгийн үйлдвэрлэлээ 2016 онд 20 хувиар өсгөсөн нь 8.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Галт зэвсэг эзэмшигчдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн ч гэлээ засгийн газрын худалдан авч буй зэр зэвсгийн хажууд өчүүхэн бага ажээ.

2016 онд  зэвсэг үйлдвэрлэлийн хэмжээгээр АНУ  тэргүүлсэн билээ.  АНУ-ын зэвсгийн үйлдвэрлэл өнгөрсөн онд дөрвөн хувиар нэмэгдэж, 2107 тэрбум ам.долларт хүрсэн нь дэлхийн зэвсгийн нийт худалдааны 58 хувийг дангаараа эзэлсэн юм.

Дэлхийн зэвсэг үйлдвэрлэгч хамгийн том компани болох Америкийн батлан хамгаалахын компани “Lockheed Martin”-ы зэвсгийн худалдаа 2016 онд 11 хувиар нэмэгдсэн нь F-35 сөнөөгч онгоцнуудыг нэмж худалдаанд гаргасантай холбоотой.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Пентагоны зардлыг нэмэх төлөвлөгөөтэй байгаа учраас зэвсгийн худалдаа цаашид ч өснө гэж тус улсын цэрэг, зэвсгийн төсөв хариуцсан мэргэжилтэн хэлж байна.

ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэгчдийн зэвсгийн худалдаа ч мөн адил өнгөрсөн онд 3.8 хувиар өсч, 26.6 тэрбум ам.долларт хүрсэн нь аажим боловч өссөн үзүүлэлт юм. ОХУ хэдийгээр батлан хамгаалах хүчээ бэхжүүлэхийн тулд цэргийн зардлаа нэмж байгаа боловч  төдийлөн их биш байгаа нь эдийн засгийн нөхцөл байдалтай нь холбоотой. ОХУ-ын гол экспортын гол түүхий эд газрын тос, нефтийн үнэ дэлхийн зах зээлд буурсан нь эдийн засагт нь хүндээр тусч байгаа билээ.

Зэвсгийн худалдааг бүс нутгаар нь авч үзвэл газар нутгийн маргаантай өмнөд Хятадын тэнгисийн бүс нутаг дээгүүрт бичигдэж байгаа юм. Далайн тээврийн гол зангилаа болсон энэ бүс нутаг газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй учраас Хятад, Тайвань, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней зэрэг улсууд өөрсдийн нутаг дэвсгэр хэмээн булаацалдсаар ирсэн.

+ There are no comments

Add yours