Оффшорчдод олгосон 49 хоног” гэдэг үлгэрийн эхлэл, төгсгөл…

Ерөнхийлөгчийн сонгуульд илт ялалт байгуулсан Х.Баттулга тангаргаа өргөснийхөө маргааш л “Оффшорчидтой тэмцэнэ. Оффшор дансанд байршуулсан бүх мөнгийг татаж оруулж ирээд, иргэдийнхээ өр зээлийг төлнө” хэмээн ёстой л цэцэгнээс сайхан үгээр сонорыг мялаасан. Өргүй, зээлгүй амьдарч байгаа иргэн үгүй болохоор бүгд энэ үгийг талархан хүлээж авсан. Тийм ч учраас “Бид зөв хүнээ сонголоо. Хууль бусаар олсон, гувчуулсан тэр их мөнгийг улс орондоо татаж ирнэ гэдэг бол хамгийн сайн” хэмээн мөн ч их баярлав шүү.

   Ялсан Ерөнхийлөгч маань хэлсэн үгээ баталгаажуулан бүр хоног заасан гээч. Тэр хугацаа нь 49 хоног. Монголчууд бидний мэдддэгээр бол ертөнцийн мөнх бусыг үзсэн талийгаачийн араас буян үйлддэг хоногууд. Ертөнцийн хууль, бурхны номонд зааснаар бол талийгаач замаа олж, бурханы оронд залрах хугацаа ажээ. Мэдээж, санамсаргүйгээр энэ хугацааг хэлээгүй, товлоогүй байх. Ямар нэг шашин зан үйлтэйгээ уялдуулсан учраас сар биш, хоёр сар ч биш. 49 гэдэг хоногийн тоог сонгосон буй за. Магадгүй, гадаадаас оруулж ирэх мөнгөө шуурхай түргэн оруулж ирэхтэй уялдуулсан л хэрэг биз ээ… гэх таамгууд ч дэвшүүлж байлаа. Аль болох сайн, сайхан талаас нь харж, хүлээсэн л дээ.

  Гэвч Ерөнхийлөгч ажилдаа очсоноос хойш хэдэн ч 49 хоног өнгөрөв дөө. Өнөөх оффшор данснаас орж ирэх, оруулж ирэх мөнгө хаана байна. Ганцхан НИК-ээр овоглосон нэг нөхрийн мөнгө орж ирлээ гэдгийг хэвлэлийнхэн мэдээлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс энэ тухай огт мэдээлэл хийгээгүй. Уг нь орж ирсэн тэр мөнгөөр хэдэн хүний өр зээл дарснаа ч юм уу хааш юунд зарцуулах тухайгаа мэдээлэх ёстой л байсан болов уу…

   МАН-ынхан Засгийн газраа унагааж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох үед олон түмнийг бас л хөөрөгдсөн нэг асуудал нь “Ерөнхийлөгчтэй санал, гар нийлж ажиллах хүн. Энэ хоёр хамтраад нөгөө оффшорчдыг ёстой болгож тавих нь” гэсэн мессеж. Энэ мессежээс Засгийн газрыг унагаах асуудлыг Ерөнхийлөгчийн оролцоотой хийж байгаа юм байна аа гэдэг нь тодорхой болсон.

   МАН-н дотоод зөрчил хийгээд зарим нэг нөхдийн хууль бус үйлдлээс болоод парламент дахь үнэмлэхүй олонхийн хүчийг тарамдуулан хоёр хуваасан энэ үйл явц улс төрийн тогоо ямар их бохирдож, аалзны шүлс адил нэг нь нөгөөгөөсөө амь тэмцэн зүүгдэж явааг бас ард олон нийт сонгогчдыг хэрхэн яаж нулимж чаддагийг тодоос тод харуулж өгсөн л дөө.

   АН-ын Д.Эрдэнэбат “Олонхи болчихоод ганц З.Энхболдод дээрэлхүүлж байгаа бол хохь чинь…” хэмээн МАН-ынханд гашуун боловч цоо үнэнийг хэлжээ. Улс төрчдийн өөрсдийн нь амнаас унаж байгаа үг бүхэн өөрсдийн нь хийж байгаа болон хийсэн ажлыг бэлээхэн хэлж өгч байдаг. Тэгэхээр Засгийн газрыг унагаад өөрийн халаасны хүнээр гүйцэтгэх засаглалыг толгойлуулах, зарим сайд болон энэ оны Төсвийн тодотгол хийх явцад хориг тавьж буй зэрэг улс төрийн зорилгоор хийгдэж байгаа энэ мэт тоглолтуудыг ЕТГ-ын дарга З.Энхболд хийгээд байгааг нуух, хаах юмгүй хэлээд өглөө.

    Х.Баттулгыг бодвол улс төрд эрт орсон, спикер хийгээд үзчихсэн энэ нөхрийн дохиураар Монголын өнөөдрийн улс төр дохилзож байна гэхээр сэтгэл харанхуйлах шиг болох юм.

   МАН гэж  улс төрийн нэг хүчин сонгогчдын үнэмлэхүй санал авч, засаглалын толгойд суучихаад амаа үдүүлсэн мэт болцгоосны учир юу вэ. Бие биеэ хэмлэн, бусдын халаас , суга руу шигдэж, гүйцгээх болсон учраас хор идсэн ялаа мэт болжээ. Хөдөлж ч чадахгүй, хэлж, ярьж, дуугарч чадахгүй… Хөмсөг зангидаж, духаараа харсан хүмүүс л байх юм. Ам нээвэл хэрэлдэцгээнэ…

      Дотоодын зөрчил, ялзрал, идээ бээрнээсээ салахгүй бол эрх баригч хүчин биш ээрэгдэж, маажуулсан дорой хэдэн хүний цуглуулга мэт харагдах боллоо, МАН-ынхан. МАН -д хайртай, дуртайдаа биш, энэ бүрэн эрхийн хугацаанд олонхийн санал авчихаад ийм үлбэгэр дорой байгаа чинь энэ улс орон, иргэдийн нүүр царай, амьдралтай холбоотой учраас бухимдаж байна.

   Сүүдэр мэт аялдан дагалдаж, суганы үс мэт хавчуулагдсан дүр зургаараа явах юм бол УИХ-ыг тарааж, улс орон, иргэдийнхээ төлөө ажил хийх, амласнаа биелүүлэх л хүчин хэрэгтэй байна.

     Оффшорчдод өгсөн 49 хоног гэх үлгэрийн эхлэл нэг иймэрхүү дүр зурагтай байгаа юм. Төгсгөл нь хэзээ хэрхэн зурагдахыг харж л суухаас.

  Энэ төрийн гурван өндөрлөгийн минь царай иймэрхүү л байна даа.

                                                                                Р.Болд

+ There are no comments

Add yours