Ш. Одончимэг 1.5 тэрбумыг завшсан байж болзолшгүй гэв

Ш. Одончимэг 1.5 тэрбумыг завшсан байж болзолшгүй гэв

Албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт дарга болон ерөнхий нягтлан бодогч хоёрыг буруутган шалгаж эхэлсэн. АТГ-аас өгсөн мэдээллээр  нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /ННҮГ/-ын ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргалыг батлан даалтад гаргаж,  дарга Ш.Одончимэгийг нь хорих 461 дүгээр ангид саатуулсан хэвээр байгаа аж. Хуулийнхан Д.Энхжаргалыг батлан даалтад гаргахдаа хил давахыг нь хориглож, албан тушаалаас нь түр түдгэлзүүлэн бүртгэлтэй хөрөнгийг нь барьцаалж авчээ.

Ш.Одончимэг нарын албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй ажээ. Үүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 сая гаруй төгрөгийн урамшуулал шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт нэр холбогдсон байна. Д.Энхжаргал нараас гадна 2012-2017 онуудад ННҮГ-т ажиллаж байсан дарга, санхүүгийн албаны нэр бүхий хүмүүсийг хэрэгт хамаатуулан гадуур байцааж буйгаа АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн хэллээ.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын байцаагч нар аравдугаар сарын 18-ны өдөр “Хангарьд” ордны наймдугаар давхарт байрлах ННҮГ-ын газарт буюу дарга Ш.Одончимэгийн албан өрөө болон санхүүгийн өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ. Мөн бусад шаардлагатай нотлох баримтууд болон санхүүгийн бичиг баримтыг нь битүүмжилжээ. Ингээд Д.Энхжаргал нарын дөрвөн хүнийг баривчлан авч явсан билээ.

ННҮГ нь нийслэлийн засаг захиргааны удирдах байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудад үзүүлэх цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчлалт, байрнуудын инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, лифт/-ний өдөр тутмын ажиллагааг хариуцдаг чиг үүрэгтэй газар юм.

https://www.facebook.com/www.murch.mn/videos/313933325754057/

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.