Үүргээ биелүүлсэн иргэд эрхээ хэрхэн эдлэхээ мэдэхгүй байна

Өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчин харагддаггүйн улмаас буух буудлаа өнгөрч буух, болоогүй байхад нь бууж алхах зэрэг багагүй хүндрэл үүсдэг талаар нийслэлчүүдээс ирүүлсэн гомдол саналын дагуу “дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем”-ийг  1200 гаруй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобусанд суурилуулсан аж. Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн Тээврийн газраас сэтгүүлчдэд мэдэгдэж, “Зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангасан үйлчилгээ нэвтрүүллээ” хэмээн баяр хөөртэйгээр мэдэгдэв.

Гэвч нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн байгууллагуудаас тэр дундаа автобуснаас үүдэлтэй иргэдэд тулгамддаг энэхүү асуудал нь дан ганц автомат систем суурилуулж, автобусны буудлыг зарласнаар шийдэгдэхгүй. Тэгээд ч өмнө нь дуу хоолойгоор автобусны буудлыг зарладаг үйлчилгээ байсан. Гэтэл дахиад олон сая төгрөг салхинд хийсгэсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, өмнөх систем нь амжилт олоогүй байхад дахиад хэрэгжүүлэх гэж байгааг ойлгохгүй байгаа юм.

Учир нь тус систем алдаа заахаас гадна   автобус их хүнтэй үед  буудлыг зарласан ч сонсогдохгүй байх нь олон байсныг  өмнө хэрэглэж байхдаа мэдсэн гэнэ. Тиймээс шинэчлэх, нөгөө талаар энэ үйлчилгээ энгийн хүмүүсээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч хүндрэлтэй байсныг мартаж болохгүй. Гэтэл энэ үйлчилгээг үргэлжлүүлэх нь хэнд ашигтай юм бэ гэдэг бас сонин.

Дашрамд дурдахад, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус ажиллаж, өдөрт 800 мянган зорчигч тээвэрлэдэг байна. Автобусаар зорчиход хамгийн хүндрэлтэй зүйл буюу хүйтний улиралд цонх цантаж гаднах зүйл харагддаггүй шалтгаан нь зорчигчийн зааланд  паар байдаггүй, байгаа хэд нь халдаггүйтэй холбоотой гэнэ. Тиймээс өглөө автобусанд суухад хөргөгчинд орсон юм мэт маш хүйтэн байдаг. Заал хүйтэн байхад автобусны цонх цантах нь энгийн зүйл. Тэгээд ч дөнгөж ажилдаа гарч байгаа учир… гэж албаныхан тайлбарлаж байна. Иргэд төлбөрөө төлж үйлчилгээ авч үүргээ биелүүлж байна. Харин үүргээ биелүүлсэн иргэд эрхээ хэрхэн эдлэх ёстойгоо холбогдох албаныханаас тодруулж байгаад хэн хариу өгөх вэ?

С.Энхбаяр

+ There are no comments

Add yours