Ардын намын учиртай гурван толгой У.Хүрэлсүх, М.Энхболд, Д.Эрдэнэбатын үйлдэл, хөдөлгөөн бүхэн олны анхаарлын төвд орж, 90 жилийн түүхтэй хөгшин намынхөн хөнжилдөө багтахгүй хөлөө жийлцсэнээр туурга тусгаар Тусгаар тогнолын ордонд ямар муухай хар хор буцалж байдгийг харах завшаан тохиов. 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, байгуулсан ялалтынхаа хоронд шартсан МАН-ынханд “цагаан цаас” шиг ард түмэн жинтэй дүн тавьсан нь ууган намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг биш өвчүүгээрээ шороодсон нь юм.

Хэдийгээр өөрөө унасан хүүхэд уйлах муухай гэдэг монгол хэлц байдаг ч яс нь биш цус нь монгол хүмүүс даанч ойлгохгүйн гачлан учир харин ч чангаар уйлж, хэн нэгний буруутгахаар өдөр шөнөгүй зүтгэсний хүчинд хүчтэй нь хүчгүйгээ “сүхдэх” ажиллагаа явагдаж эхэлсэн. Энэ ажиллагааны “буян”-д том албан тушаалд очсон “бага тархи”-иуд хэрхэн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдийг харж, үзэж, барьж, сонссон Монголын ард түмэн зуны гурван сарын зугаатай өнгөрүүлсэн шигээ амарлаа даа.

Төрийн албыг 60 тэрбумаар шаталж арилжаалан өөрсдийн хэтэвчийг зузаатгах бузар шунал, гэнэтийн ялалтад цочролд орж сатаарсан МАН-ынханыг ард түмэн МАНгарууд хэмээн шоолж, ар далыг нь газарт шигдтэл  сээрэн дунгуй хийсэн учир 90 жилийн итгэл үнэмшилээ хамгаалах гэсэн энгийн гишүүдийн шахалтаар арга буюу хийсэн намын бага хурал өнгөрсөн өдрүүдийн үнэгүй хошин шогийн нэг байж, иргэдийн “элэг хөших” шахав.

МАН хэзээ ч шударга байгаагүйн тод жишээ өнгөрсөн Бага хурлын үйл явцаас бүүр ч тодорхой харагдсан бол  МАН-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хариуцаж буй ажлаа хүлээлгэн өгөөд сул гишүүн болж байгаад шударга “үзэлцэх”-ийг Д.Эрдэнэбат, М.Энхболд нарт уриалсан нь ёстой л тоон дунд үсэг цохиж явахын адил ард түмний анхаарал татаж, таашаалыг нь татсан үйл явдал болов.

Арга ч үгүй биз, ардын намын учиртай гурван толгойн нэгээр “шалгараад” байгаа У.Хүрэлсүхийн гэнэтийн бөгөөд шударга алхам, үйлдэл авлига, албан тушаалын торондоо хүлэгдсэн ардын наманд үлдсэн ганц гэрэлтэй цонх болсон хойно. Тиймээс МАН-ы төдийгүй, уг намыг дэмждэггүй ард иргэдийн ч сэтгэлийг У.Хүрэлсүх татаж чадсан нь гэнэтийн болоод цочмог нэг оноо байв.

Харин албан тушаалд шунаж, нэгэн цагт шударгын дүрд тоглож, олонхийн зүг ханцуй шамлан шүүмжилж байснаасаа доор байдалд орж, давхар давхараар нь албан тушаал хашсан бүлэг этгээдүүдийн хувьд өнөөг хүртэл “чигийг заагч алтангадас”-аа хэмээн итгэж, бөхөлзөж ирсэн М.Энхболдын фракцыг ил дэмжиж, далд зүхэж суухаар өөр аргагүй байдал үүссэний сүүлийн үед үүсээд байгаа манан будан тодорхой харуулж эхлэв.

Уржигдархан болсон  Удирдах зөвлөлийн хурал дүй муутай дэглэсэн сүүдэр ший байсан. Учир нь уг хурал дээр Ерөнхий сайдын хариуцлагыг ярихгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсон намын даргын асуудлыг ярихгүй. Гэхдээ, хөрөнгө, цаг хугацаа гаргаж хийж байгаа учир цаг үеийн асуудлыг зөөлрүүлж, хэн нэгнийг “сумлахгүй”, аядуу зөөлөн хуралдахыг чухалчилсан гэдэг. Гэвч асуудал савнаасаа хальж дэвэрч эхэлсэн учир түүнийг зогсоох уламжит “эв нэгдэл” энэ удаа тус болсонгүй. Ердөө л дотроосоо өтөж эхэлсэн тос гадагшаа хальсаны учир мэргэжлийн Засгийн газрын тэргүүний бодож байсанчлан асуудал нам жим байж чадсангүй.

Аль болох асуудлыг тойрогт нь барьж, дэвэрсэн гишүүдийг дарж, даруулгыг нь сануулж бага хурлаа тарааж чадсан ч ээлжит бус хурлыг ирэх есөн сард зарлахаас өөр арга үлдсэнгүй. Гэхдээ тэд “нохойтох”-оо мартаагүй учир ээлжит бусыг есөн сард л гэж төлөвлөсөнөөс яг хэдний өдөр болохыг нарийн тогтоолгүй тарааж чадав.  Хэдийгээр энэ удаагийн бага хурлаар Засгийн газрын асуудлыг ярихгүй өнгөрүүлж чадсан ч өргөн барих асуудлыг хориглож чадсангүй. Тиймээс тун удахгүй өргөн барих эрх нь нээгдсэн гишүүдийн шаардлагыг хуулийн хугацаанд өргөн барьсанаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Ингэснээр намын дарга, Ерөнхий сайдаа өргөн барина. Тэгэхлээр хэдхэн хоногийн хугацаанд М.Энхболд, Д.Эрдэнэбатын амьдрал асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдаа дарамталж, чагнаж, дагаж  байгаа юм чинь энгийн иргэдийн хувьд асуудал аймшигтай түвшинд байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэр бүү хэл орших, эс оршихын асуудал хөндөгдөж, Авлигатай тэмцэх газар дарга, иргэн гэхгүй хүссэн хэнийг ч чагнаж, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг болсон байх магадлалтай гэсэн хардлага мөн бий болов.

Энэ бүх асуудлыг эерэг чигт чиглүүлж, асуудлыг бодит байдалд нийцсэн мэдээллээр иргэдээ хангах нь Монгол Улсын Засгийн газрын ажлын нэг хэсэг. Тиймээс нийгмийг айдаст оруулж, хардлага сэрдлэгээр хямруулсан буруутай үйлдэлээ засах, мөн өөрсдийнхөө орших уу, эс орших уу гэсэн асуудалд цэг тавих хамгийн зөв гарц бол Шадар сайд У.Хүрэлсүхийн хариуцлагатай ажлаа хүлээлгэж өгөөд ард түмнийхээ итгэлд тулгуурлан шударга өрсөлдөе гэсэн уриалгад нэгдэх юм. Харин ийм сэтгэлийн хат, сэтгэлзүйн бэлтгэл одоогийн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Д.Эрдэнэбатад байгаа юу гэдэг сонин.  Учир нь төрийн эрхийг гартаа оруулах амархан, харин төрт ёсыг тогтоон барих хэцүү гэдгийг Д.Эрдэнэбатын өөрийнх нь тодорхойлсон “мэргэжлийн Засгийн газар” харуулж буй.  Нөгөө талаараа Монгол Улс Сэлэнгэ аймаг биш. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн байна гэдэг аймгийн Засаг даргаар ажиллахаас өргөн цар хүрээтэй гэдгийг ойлгож чадах зүйлээ хийхийг шаардаж байгаа намынхаа шударга гишүүдийн үгийг сонсох нь Д.Эрдэнэбатад хамгийн хэрэгтэй зүйл гэдгийг сануулах юун.  

С.Баяр

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.