Долдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас хойш цэцэрлэгийн цахим бүртгэлд 5374 хүүхэд амжилттай бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт шинээр элсэх 35 000 гаруй хүүхэд байгаагаас 12 000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой байгаа ажээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Иргэд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр тусдаа зүйл байгааг анхаарах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн бөгөөд цэцэрлэгт шинээр элсэх буюу энэ жил 2 нас хүрч байгаа хүүхэд багачуудыг цахим элсэлтэнд хамруулах бол бүртгэгдэж, хүмүүжиж байсан цэцэрлэгтээ намраас анги дэвшин суралцах хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдах юм. Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдөр өдрийн 11 цагийн байдлаар 5374 хүүхэд бүртгүүлээд байна.

2017 оны долдугаар сарын 24-ний 00.00 цагаас эхлэн tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар цэцэрлэгийн хүүхдүүдийг цахим хэлбэрээр бүртгэж байна. Эцэг эхчүүд энэ сайтад нэвтрэн зааврын дагуу хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад хамран сургах тойргийн цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Ямар нэгэн хүндрэл учрахгүй. Бүртгэл сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ жил нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрах насны 34-35 мянган хүүхэд бий гэсэн статистик тооцоо бий. Нийслэлийн Боловсролын газраас цахим бүртгэл эхлэхээс өмнө бүх цэцэрлэгээс хяналтын тоо авсан. Энэ хяналтын тооноос харахад цэцэрлэгүүд 11-12 мянган хүүхэд бүртгэх боломжтой байгаа. 

Ирэх сарын 10-наас бүх цэцэрлэгт цахим бүртгэлд туслах ажилтнууд томилогдож ажиллана.  Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд 8 дугаар сарын 10-наас хойш цэцэрлэгт биеэр очиж, цэцэрлэгийн туслах ажилтнуудад бүртгүүлнэ. 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа  хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 24-ний хооронд зохион байгуулагдана. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулах юм.
Цахим бүртгэлд бүртгүүлнэ гэдэг бол шууд цэцэрлэгт элсэнэ гэсэн үг биш. Харин ирэх сарын 25-наас цэцэрлэгийн цахим элсэлтийн үйл ажиллагаа эхэлнэ. Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулалт хийж элсэлтийг зохион байгуулна. Цахим элсэлт явагдсаны дараа эцэг эхчүүдийн гар утсанд хүүхдийн хувийн дугаар, мэдээлэл ирнэ. Үүний дараа эцэг эхчүүд манай хүүхэд цэцэрлэгт элслээ гэж ойлгож болно” хэмээлээ.

Г.Намуун