\болсон явдлаас сэдэвлэв\

Цонхоор удтал ширтэж байснаа чимээгүйхэн эргэж, хэсэгхэн зуур үүд рүү ширтэн өөрийн эрхгүй шүүрс алдан гунигласан Саран эмнэлгийн содон үнэр нэвт шингэсэн хөнжлөө хөл дээрээ шидээд чимээгүйхэн цааш харан хэвтээд чимээгүйхэн мэгшлээ. Хамт хэвтэж байгаа өрөөнийнхөндөө мэдэгдэхгүй гэсэндээ хөнжлийн үзүүрийг амандаа зуучихаад чимээгүйхэн мэгших Саранд хажуугийн орны эмээгийн  “охин минь их шаналгаа хүнийг дотроос нь идчихдэг юм шүү дээ. Хөл дээрээ зогсохоороо л цонхоор ширтээд ядартлаа зогсох юм. Ийм сайхан охиныг хүлээлгэж, сэтгэлийг нь зовоодог тэр муу нөхөр шүү юмыг эмээ нь ирэхээр нь загнаад өгнө өө, харин одоо энэ аяга цай уучих, зэлгээн болгоод хөргөчихлөө” хэмээн аргадангуй ярих сонсогдоход  аньсага дүүрч ирсэн нулимсаа арчаад уйлсанаа нуун инээмсэглэх гэж хэрэндээ хичээсээр өндийлөө.

…Саран сайхан охин байсан. Дөнгөж их сургуулиа төгссөн түүний нүдэнд амьдралын өнгө ямар тод байсан гээч. Амьдралаа сайхнаар төсөөлсөн, өөртөө итгэлтэй түүний өөрийн царайд өдөр бүхэн инээмсэглэл тодорч, гоолигхон биед нь цагаан халаад зохьсон гэж ванлий. Анагаахын оюутан танхилхан бүсгүй Сарангийн нүдэнд хааяа нэг харц тулгардаг, чимээгүйхэн инээмсэглэн царайлаг залуу “тороод” удаагүй цаг.  Бараг үг сольж үзээгүй хэрнээ барааны газарт чимээгүйхэн инээмсэглэн бараадасхийн явах тэр нэгэн залууг насныхаа хань мөн хэмээн зүрхэн гүндээ нь шивнэсэн Саран 2005 оныг хэзээ ч мартахгүй…

Бадрал сайхан залуу байлаа. Яг сайхан залуу шигээ харин  сэтгэл нь нуугдмал байсан нь сонин. Эхлээд чимээгүй, даруухан, архи согтууруулах ундаа хэрэглэх бүү хэл амсдаг ч үгүй Бадралаас “хайгаад ч өө олдохгүй, бурханы бэлэг” хэмээн амаа цууртал ярих найз бүсгүйчүүдийнхээ магтаалд баярладаг байсан. Нээрээ ч хорхойг хоргүй надад бурхан гараа сунгаж бэлгээ өгчээ хэмээн баярлаж, найзууддаа сэмхэн гайхуулж явсан үе Саранд зарим бүсгүйчүүдийн нөхөртэйгээ хийсэн хэрүүл, маргаан, уйлаан майлааныг огтхон ч ойлгодоггүй, бас “ингэн, ингэн амьдрах ямар хэрэг байна аа” хэмээн өөрийнхөө хэмжээнд шүүж, шүүмжилж явсан үе бий.

Бадрал,Саран хоёрыг харсан хүн бүхэн сайхан хосууд гэдэг байсан. Бас сайхан хос, сайхан залуу, бүсгүй гэж хэлүүлэхдээ ч сэтгэл хангалуун явсан тэдний амьдрал зургаан жилийн дараагаас нэг л хэвийн, уйтгартай, тэр бүү хэл явган хэрүүлгүй нэг ч өдөргүй болж өөрчлөгдөж эхэлсэн юм. Саран хэчнээн хичээх тусам Бадралын сэтгэлд хүрэхгүй зүйл олширч, тэр бүрд уурлан бухимдаж, гараа зангидан хэдэнтээ дайрсан Бадралын тэс өөр төрхийг олж харсан ч “арай үгүй байлгүй дээ, уурандаа ингэсэн байх, удахгүй хүүхэдтэй болохоор өөрчлөгдөнө” хэмээсэн өмөөрөлдөө автаж явсаар гэр бүл болоод долоон жилийнхээ ойн дээр охинтой болсон юм.

Эргээд санахад охинтой болсон тэр өдөр баярласан хүн ганцхан Саран л байсан юм билээ.  Удаан хүлээсэн тэр нэгэн жаахан зүрхний цохилтыг сонсоод баярласандаа нулимс нь сул асгарах Сарангийн дэргэд  утсаа оролдон хайнгад зогсох Бадрал жишүү харан хоолой засаад “хүү гэсэн үү, эмч. Чи асуугаагүй юм уу, ухаангүй шүү… хмм” гэхийг нь сонсоод гомдол төрж байсан хэт их баярлаж байсан болохоор нөхөртөө гомдоллохоо тэгсгээд мартчихсан байсан. Харин оройн хоолны дараа инээд алдан дэргэдээ суусан Саранг анзаарсан шинжгүй телевизээс харцаа ч салгахгй суугаад нөхрөө хараад сэтгэлд нь гомдол төрсөн ч “за яах вэ, өчигдрийн уур нь гараагүй байгаа юм байлгүй дээ” хэмээн сэтгэлдээ уучлахаа мартаагүй Саран “дөнгөж сар гаруй болж байгаа учир хүйс нь тодорхой болоогүй байгаа гэсэн. Хайр аа, чамд хүү байвал гоё уу, харин надад охин бол илүү сайхан. Яг л чам шиг инээдэг над шиг охин байвал гое…” хэмээн хөөрөн ярихад нь  “маргааш их ажилтай, одоо ор засаад өг” гэх нөхрийн нь хайнга хайхрамжгүй  өгүүлж байсан нь тээр хойно, өнөөдөр маш тод, бас хүйтэн харагдахад Сарангийн зүрх рүү час хийн ойрхон ойрхон хатгах нь тэр…   

…Залуухан бүсгүйн “анхны” хэмээн нандигнаж байсан бүхнийг авч одсон цаг хугацаа, орь залуу насны мөнхийн мэт хайрыг авчирсан хэдий ч өнөөдөр бүх зүйл дурсамж төдий үлдсэн байх нь харамсалтай.  Хуруу даран тоолоод үзэхэд ердөө л арав гаруйхан жил өнгөрсөн атлаа хорвоод наслах наснаас нь хорь гучин жилээр нь ховх татаад аваад явах энэ цаг хугацааг  тэр хэрхэн туулсан юм бол. Охиныхоо дараа хүү төрүүлсэн ч хүүхдүүдтэйгээ хүний урманд хамт амьдарсан үе нь цөөхөн. Хахир хүйтэн нөхөр нь хүүхдүүдээ ад үзэн, өөрийг нь зовоох учир хөдөө амьдардаг ээж, аав руугаа охиноо дөрөв, хүүгээ нэг настай нь явуулсан. Учрыг нь үл мэдэх аав ээж нь “хотод хүүхдүүд ажил ихтэй, зээ нараа нар салхинд өсгөөд өгөхөд буруу юу байх вэ. тэгээд ч бид хоёрын гар хөлийн үзүүр болоод ханьтай” хэмээн ихэд олзуурхсан учир амьдралын нарийн бүхнээ сэтгэлдээ хадгалж, ээж ааваасаа тас нууснаараа гүрийхээр шийдсэн Саран жилд ганц удаа нутаг явж, хоёр хүүхэдтэйгээ сар болоод эргэж ирнэ. Саран айлын ганц охин. Ижий аав нь түүнийг нүдний цөцгий шигээ хайрлаж өсгөсөн учир хүний өөдөөс сөргөж, сөргөөлдөхийг мэдэхгүй, ухаан талбиун өсгөсөн. Тийм ч учраас буруугуу буруутан болж эр нөхөрийнхөө гарын шүүс болон эрэмдэглүүлж, зодуулахдаа тэрбээр нэг ч удаа хэн нэгэнд хэлж, зовлон шаналалаа хуваалцая гэж бодоогүй юм. Харин хайртай аав ээжийгээ мэдэж шаналах вий, хоёр сайхан үрээ мэдээд эцгийгээ үзэн ядах вий гэхээс нөхөртөө зодуулахаас илүү шаналж, өөрийн чадах бүхнээрээ нуудаг. Өөрийн шаналалаас илүү тэднийгээ шаналгаж зовоохоос айж, бүр үхтлээ айдаг байв.

… Хажуу орны эмээгийн хийж өгсөн цай зэлгээхэн атлаа нэг л нандин амт амтагдах шиг санагдаж, Сарангийн зүрхний гүнд ширхийн хатгахад өөрийн эрхгүй бөхийсхийн, хөмхийгөө зуун нүдээ анихад Бадралын “буянтай бүсгүйн баруун завьжинд буурцаг тогтох шиг мэнгэ байдаг юм гэнэ лээ. Ийм хүүхнийг эхнэрээ болгосон эр хүн жаргах үхэх байх даа” хэмээн тас тас инээж байсан давилуун төрх харагдах шиг болоход нүдээ анихаа  больчихов…  Эр нөхөр минь хэмээн итгэж хайрлаж байсан хүнийг эдүгээ сэтгэлдээ бүү хэл нүдэндээ ч харахаас айх өдөр ирнэ гэнээ бодож байгаагүйсэн. Гэвч амьдрал л юм даа. Хүсээгүй байхад хүслийг нь асуухгүй хүзүү, хөл ороод хөндөлддөг нь.

Үеийнхээ хөвгүүдийг жаахан хэмээн болж үсээ шидлэн жижигхэн зүйлд сэтгэлээ тэнийтэл инээж явсан оюутан охины анхаарлыг татаж, эхнэр нь болтол шийдвэр гаргуулж чадсан Бадрал ёстой л эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж явахдаа Саранг анх харж билээ. Сайхан охин, бас ухаантай хэмээн түүний багын найзын амаа олохгүй  магтах ч нөлөөлсөн биз, өөрийн эрхгүй зогтусан харсан тэр нэгэн охиныг  өдрийн бодол шөнийн зүүд болон эргүүлсээр эхнэрээ болгохдоо өөртөө аархдаггүй юм гэхэд омогшиж байсан.

Дээд боловсролтой, хувийн компанитай, боломжийн хөрөнгө санхүүжилттэй, хэн ч харсан нүдэнд дулаахан харагддаг Бадралын “бүхнийг зохицуулаад амьдарч л байна даа” гэдэг үгийг амны уншлага шиг хэлдэг энгийн төрхөнд өөлөх зүйл байхгүй. Сайхан цэвэрхэн хувцаслаж, үнэтэй үнэртэй ус сэнгэнүүлсэн Бадралын гэртээ, эхнэртээ ямар араатан төрх гаргадаг, эхнэрээ тамалж, сэгэлж байхдаа хэрхэн өөрчлөгддөгийг хэн ч мэдэхгүй. Тиймээс гэрээсээ бараг гаргадаггүй байж, сүүдэртээ нь хүртэл хардаж тамалдаг, хүний нүдэнд харагдахгүй газрыг нь битүү цохилтоор хөхрүүлж, Бээжингээс хэрэг болгож авсан жижиг чичлүүр хутгаар хэрхэн сийчдэгиийг зөвхөн Саран л мэднэ. Хөрш айлууд нь хэд хэдэн удаа түүнийг эхнэрээ зодож байна гэсэн дуудлагыг өгсөний дараа Бадрал унталгын өрөөгөө дуу намсгагч бүхий давхар ханаар зузаалсан юм. Мөн хэд хэдэн удаа цонхны тавцан дээр үсэрч гарсан Сарангийн үйлдлийн дараа гэрийнхээ дөрвөн цонхыг дотроос нь төмөр тороор торлон гагнуулахад өрөөний буланд чимээгүйхэн сууж байгаа эхнэрээ, эхнэрээ ч гэж дээ шаналгаа зовлондоо хатаж хуниралдсан Саранг жишүүхэн хараад “харж байна уу, чи бүрэн торлогдсон. Одоо чи миний торонд орсон уран шувуу. Чи миний зөвшөөрөлгүй хаашаа ч хэзээ ч гарахгүй. Энэ дөрвөн өрөө чиний эрх чөлөө. Харин энэ өрөөнүүдээс чи хэзээ ч амьд гарахгүй. Харин ингэж байгаа талаар хэн нэгэнд дуулгах л юм бол ээж аав чинь хүү охинтой чинь хамт, хэдэн малтайгаа өвөлжөөндөө шатаж үхнэ. Чи төсөөлдөө, тэднийг хэн ч аврахгүй, бие биендээ тусалж ч чадахгүй, амьдаараа зулын гол болж шатаж үхнэ…” гэсээр доогитойгоор инээснээ гараад явчихав.

Гадна хаалганы түгжээ тус бүр хоёр эргэсний дараа Саран суусан сандал дээрээсээ үхэдхийн унаад, өөрийн дураар хэсэг уйлав. Бадралын удаа дараагийн зодуур, тасалгааны дараа өвчний халуунд дэмийрч, солиорохоос наагуур шаналж хэвтдэг Саранг босгоод ирдэг бурханы хүч бол хоёр сайхан үр нь, ээж аав хоёр нь.

Энэ дөрвийнхөө төлөө тамлалыг сөрж, дааж шаналсаар хүн танихын аргагүй өөрчлөгдсөн Саран, гаднаа сайхан дүрийг гаргаж, дотроо араатан дүрээ нуусан Бадрал хоёрыг огт санаандгүй байсан нэгэн өдөр хаалгыг нь хүн зөөлхөн цохих нь тэр. Ээлжит зодуурын дараа, хэн хэнийх нь амьсгаа дарагдаагүй үе таарсан учир хаалга нээхийг Бадрал хүссэнгүй. Харин нэгэнт энэ зовлон өөрөөр нь дуусч л байвал бусад нь хамаагүй болсон Саранд хаалга цохих чимээ авралын хонх шиг санагдсан хэдий ч босох бүү хэл өндийх чадал байсангүй учир, сэтгэлдээ аав, ээжийгээ дуудан залбиран уйлсаар бараг хоёр цаг өнгөрчихөж…

Гайхмаар нь тэдний хаалгыг цохих нэхэл хатуу нэгэн явахгүй байсаар … Арга нь тасарсан Бадрал хөмхийгөө зуусаар хаалга онгойлгохоор явах зуур унталгын өрөөний орон дээр Саранг чулуудаад дээр нь халат хаяхаа мартсангүй. Харин өрөөний хаалгаа хаасангүй, учир нь Саран хөдлөх ч тэнхээ байгаагүй учир тэр хаалгыг хаах ч хэрэг байсангүй л дээ…

Дуу намсгагчтай бүргэд хаалганы дээд хоёр доод хоёр цоожийг чимээтэй нь аргагүй эргүүлсээр хаалгаа ууртайхан нээсэн Бадралын эгц өмнө биерхүү, үл таних залуу түрэмгий нь аргагүй тулахад багагүй гайхсан Бадрал бага зэрэг ухрах зуур үл таних гэнэтийн зочин шууд гэрт нь ороод ирэв. Зочин гэрт орж ирсэний дараа Бадрал самбаа авч, хэн болоод хэнийд орж ирж байгааг нь асуухад ганц ч үг ганхийж дуугараагүй зочин шууд унталгын өрөөнд орж, зовуурьтайгаар яраглах Сарангийн дээр хаясан халаадыг сөхөж хараад нямбай нь аргагүй зөөлөн эргүүлж хучаад эргэхэдээ үгийн солиогүй ганцхан цохилтоор Бадралыг хийстэл нь цохиод утсаа гарган дуудлага хийлээ…

Урилгагүй зочин Сарангийн Солонгост 10 жил ажиллаж, амьдарч байгаа үеэл дүү нь байсан юм. Учир битүүлэг шалтгаанаар хүүхдээ авдаггүй, жилд ганцхан удаа эргэж ирээд сар болохдоо алхам ч холдохгүй хайрлах хэрнээ гэррүүгээ авч явахыг огтхон ч хүсдэггүй охиныхоо нэг л биш байдал. Хүргэн хүүгийн нүүр дүүрэн инээх ч нэг л хөндий харилцаа ажигч хөгшчүүлийн харцнаас мултарсангүй. Харин охиноо ярихгүй л бол сөргөж асууж шаналгах дургүй аав ээж нь өвөр зуураа ярилцаад “ямар нэгэн учир байна хэмээн” санал нэгдсэний дараа Солонгост байгаа ганц үеэлтэй нь холбогдож тусламж гуйснаар Саранг аварч чадсан юм.

Харамсалтай нь сайхан нь дэндсэн эхнэрээ хайрлаж байна хэмээн харамлаж, харамлах сэтгэл нь хар болж, эцэс сүүлдээ өөрөө ч мэдэхгүй тамалсаар бурханы шийтгэл хүлээсэн Бадрал Саранд хань байж чадаагүйн төлөө, сайхан бүсгүйг тамалж хар гэх зовлонгоор хөрөөдөж байсныхаа төлөө хоёр жил хорих ялаар шийтгэгдсэн бол  “хань минь” хэмээн итгэж хамаг л залуу нас, гоо сайхнаа гамгүй алдсан Саран эмнэлгийн орон дээр эгнэгт шилжсэн нь харамсалтай.

Хорвоог хамтдаа туулна хэмээн ховор унах эр хар нулимсаа унагаан амалж байсан түүнийг арав гаруйхан жилийн дараа араатнаас доор авирлаж эхлэхэд амьд атлаа үхсэн юм шиг амьдарч, хардлага сэрдлэг, хараал зүхэл, ээлжгүй тамлалыг нь тэсэн гарч ирсэн нь Сарангийн хувьд  хүү л төрүүлбэл амьдрал сайхан болно. Чамаас яагаад хүү төрдөггүй юм бэ хэмээн шүдээ хавиран архирах нөхөр нь хүсэн хүлээсэн хүүг нь төрүүлж өгөөд дөрөвхөн хонож байхад цус нөжтэй нь холилдтол зодчихоод дайснаа дарж, дархан цолоо мандуулсан баатар шиг аахиран, уухиран хурхирсан тэр нэгэн өвлийн шөнөөс эхэлсэн зовлон тамлал ийнхүү эцэс болсон ч эрүүл мэнд, аз жаргалаа үүрд алдан хохирсон юм.

Монголын эмнэлэгт жил гаруй хугацаанд эмчлүүлж байж хөл дээрээ боссон ч сэтгэлд нь орсон жавар түүнд “гадны нөлөөтэй сэтгэцийн эмгэг” гэдэг аймшигт өвчинг бий болгосон учир жил бүрийн хавар намрын улиралд эмнэлгийн орон дээр хадагдах болсон нь энэ…

Зохиогч Х.Ган-Ялалт

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.