УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнтэй холбогдож гарсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт тус байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр хэлэлцэж эхэлж байна.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдож гарсан УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ажлын хэсэг шалгалт хийхдээ Монголбанкны хараат бус байдалд нь шууд халдаж, УИХ-аар батлуулж хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээг нь үгүйсгэж, бодлогын мөн чанарыг нь ойлгоогүй алдаатай дүгнэлт гаргасан. Дотоод үйл ажиллагаанд нь эрээ цээргүй оролцсон, Хяналтын зөвлөлд дүгнэлтээ танилцуулаагүй. Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох тухай асуудал нь шүүхийн шинжтэй тогтоол болсон. Онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн байгаа, нотлогдоогүй зүйлийг оруулсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд дээрх тогтоол нь УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болсон гэж үзэж байгаа. Тийм учраас эл тогтоолыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

Байнгын хорооны дарга дээрх саналын дагуу санал хураалгахад хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхи дэмжээгүй тул тогтоолыг хэлэлцэж эхлэв.

Монголбанкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжид 1.7 их наядын АСЕМ зохион байгуулахад 223.4 тэрбумын, “АСЕМ вила” хотхон байгуулахад 115 тэрбумыг, “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 502 тэрбумыг олгосон байна. Эдгээрээс 45 аж ахуйн нэгж 336 тэрбум төгрөгийг зориулалт бусаар ашигласан гэж үзжээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөс өгч буй мэдээллээр 663 тэрбумын алдагдал нь своп, форвард хэлцлээс үүдсэн адагдал аж.

Монголбанкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы тайлбараар бол Монголбанкны ерөнхийлөгч хуулиар заасан чиг үүргээсээ давуулсан үйл ажиллагааг явуулсан. УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрт яамдууддаа даалгасан ажлыг нь төв банкны ерөнхийлөгч зөрчиж, өөрөө эх үүсвэр гаргаж, аж ахуйн нэгжид олгосон гэх мэтчлэнгээр хууль давсан үйл ажиллагаа явуулсан байжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Олон улсын аудитын байгууллага төв банкинд шалгалт хийгээд Т.Аюурсайханы ижил дүгнэлт гаргасан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 8 их наяд төгрөг хэвлэж гаргасан. Үүнээс болж, ханшаа барьж чадаагүй, 4 тэрбумыг ханш тогтворжуулахад зарцуулсан ч үр дүн гаргаж чадаагүй.

Зориулалтын бусаар зээлээ ашигласан аж ахуйн нэгжийг зарлах ёстой. хөнгөлөллтэй зээл авчихаад түүнийгээ төлөхгүй байгааг нь нэрлэх ёстой.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монголбанкны ерөнхийлөгч нууцын журам гэгчээр журам баталсан. Төрийн нууцын тухай хуулиар нууцлах асуудлыг жагсаалтаар зохицуулсан байдаг.

Түүнд байхгүй асуудлыг нууц болгож баталсан. Байгууллагын нууцыг мөн баталсан. Төрийн нууцлалтай байгууллагын нууцлалыг адилтгаж үзсэн. Тагнуулын ерөнхий газраас заавал зөвшөөрөл авч, Монголбанкны ерөнхийлөгч гарын үсэг зурж байж, төв банкны нууц мэдээлэлтэй танилцахаар зохицуулсан байсан.

75 мэдээллийг нуун дарагдуулсан. Танилцах ямар ч боломжийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэгт олгодоггүй байсан. Зээлээ зориулалт бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ажлын хэсгээс гаргасан. Өнгөрсөн байнгын хорооны хуралдаанаар илээр хэлэлцээд танилцуулаад явах нь зүйтэй гэж үзсэн.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Д.Эрдэнэбат: Онц ноцтой хохирол учруулсан гэсэн дүгнэлт бол улстөржсөн зүйл. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Золжаргал гэдэг нөхөр хууль зөрчсөн гэж харуулахыг зорьж байгаа.

Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага, халдашгүй эрхтэй. Та бүхэн энэ дүгнэлтээрээ хоёр ерөнхийлөгчийг хооронд нь хэрэлдүүлэх юм хийж байна. Н.Золжаргал онц их хэмжээний мөнгө идэж уусан байна гэдгийг хэн тогтоосон юм. Алдаа дутагдлыг нь хаацайлах гээгүй. Ганцхан улстөржсөн тогтоол битгий гарга.

Өнөөдөр бид улстөржих юм бол тухайн үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч нь Э.Батшугар МАХН, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч нь Б.Жавхлан МАН-ынх байсан. Гомдол гаргах гэж байгаа бол тэр шүүх, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргах эрх нь байгаа. Яагаад заавал УИХ-ын тогтоолоор яллах гээд байгаа юм. Улстөржиж болно, үндэсний мөнгөн тэмдэгтээрээ улстөржиж болохгүй.

Монгол Улс эдийн засгийн хямралтай үед хэдэн аж ахуйн нэгждээ хөнгөлөлттэй зээл олгосных нь төлөө яллах юм уу. Энэ тогтоолыг хэн боловсруулсан юм надад хэлээд өг.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Ажлын хэсэг боловсруулж оруулж ирсэн тогтоол.

Хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.