Хөгжилдөхөд бэлэн үү хүүхдүүдээ

Мөрч

Нийслэлд хүүхэд, залуус чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай газрууд олон болсон.  Үүний нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк юм. Хүүхэд залуус гэлтгүй гэр бүлээрээ очсон ч уйдах завгүй нэг өдрийг өнгөрөөж болохоор олон хөтөлбөрийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн боловсруулжээ. Эндхийн ногоон байгууламж сайн, шинээр тарьсан мод, зүлгийн ургалт 96 хувьтай байгаа аж. Тоглоомууд дээр тоглоод алжааж ядарсан та зүлэг бараадан амсхийх боломжтой. Эсвэл мөхөөлдөс долоосон шигээ парк дундуур сүлжилдэх аниматр (багтай үлгэрийн баатрууд), алиалагч, хүн хөшөөг сонжиход толгой сэргээд л ирж байна лээ шүү. Хоёр хоногийн дараа хүүхдийн баяр болно.

Энэ өдөр хүүхдүүдийн  хамгийн ихээр тэмүүлдэг газар нь парк. Тэгвэл хүүхдүүдийн баяр баясгаланг хуваалцах,  хөтөлбөрүүдийг паркын хамт олон бэлджээ. Тус хүрээлэн өнгөрсөн сарын 29-нд нээлтээ хийжээ. Үлгэрч өвөө хууртайгаа ирчихсэн, галзуу хулгана гараанаасаа гарах гээд хүлээж байна. Бөмбөлөгтэй машин, хөгжилтэй баавгай,хүслийн галт тэрэг хүлээж байна, хүүхдүүдийг. Мөн айдас хүргэсэн, аазгай хөдөлгөсөн, сэтгэл сэргээсэн, хор шар малтсан уран жолоодлого, далайн дээрэмчин, агаарын дугуй, мэлхий үсрэлт, саран савлуур, нархан, усан завь  зэрэг тоглоомууд ч бий. Хүүхдүүд, хөгжилдөхөд бэлэн л бол паркийн үйл ажиллагаа аль хэдийнэ жигдэрчээ. Ерөнхийдөө, 0-3 насныхан, сурагчид, оюутан залуус, гэр бүлийн гээд  нас насны онцлогт тааруулсан 20 тоглоомоор иргэдэд үйлчилнэ хэмээн паркийн удирдлагууд хэлсэн. Тоглоомуудаа дэлхийн паркийн үзэсгэлэнгээс авсчээ. Жишээлбэл, аймшгийн байшин тоглоомыг энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг номер нэг АНУ-ын “Scary factory” үйлдвэрээс худалдаж авсан бөгөөд америкууд өөрсдөө ирж угсарч өгчээ. Паркийнхан тоглоомуудын аюулгүй байдлыг байнга шалгадаг гэж ам бардам хэлж байна лээ. Инженерийн багийнхан тоглоомноос шалтгаалаад эд ангийг нь сар, долоо хоног, өдөр бүр гэх мэтээр хуваарийн дагуу шалгадаг юм байна. Галзуу хулгана, алсыг харагч, гинжит зэрэг бүх тоглоомыг өглөө бүр тестелж байж хүүхэд суулгадаг аж. Тоглоомууд өөр, өөрийн паспорттай, ажиллах дүрэмтэй.  Харин хуучин 22 тоглоомоо орон нутагт тараажээ. Тухайлбал, хуучин алсыг харагч Эрдэнэтэд, гинжин савлуур Дархан-Уул аймагт, өөр бусад тоглоом нь Өвөрхангай, Ховдод бий. Хуучин паркаас үлдсэн зүйл нь 12 жилийн хөшөө, мангасын ам, загаст нуур аж. Гэхдээ паркийнхан хөшөөг шинэчилж барьсан нь хүмүүсийн талархлыг хүлээжээ. Сонирхуулахад, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн Дэлхийн паркийн холбооны гишүүнчлэлтэй бөгөөд тус газраас заавар зөвлөгөө авдаг юм байна. Хүүхдийн  баярын бас нэг чухал зүйл нь баярын бэлэг байдаг билээ. Тэд гэр бүлүүдийн дунд тэмцээн зохиож хамгийн гоё бэлэг өгдөг гэнэ. Бэлэгтэй тэмцээн зуны турш үргэлжилнэ. Энэ мэтээр Үндэсний соёл амралтын хүрээлэнд үзэж харах зүйл ихтэй. Нэгэнт дэлхийн паркийн холбооны гишүүн тул эднийхэн үзмэрээ аль болох шинэчилж, өөр сонирхолтой тоглолт үзүүлэхийг хичээдэг байна.  Тоглоомын тасалбар 10-25 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ тоглоомын тасалбарын үнийг байнга хямдруулдаг гэсэн. Тухайлбал, энэ долоо хоногт гэр бүлийн өдөр тохиосон учраас ням гарагийг дуустал тасалбарын үнэ 50 хувь хөнгөлөлттэй бөгөөд наймдугаар сарын турш өдөр бүр нэг тоглоом үнэгүй эсвэл 10 мянган төгрөгөөр шөнөжин хязгааргүй тоглож болно.

Эднийх тасалбараа ихэвчлэн 50 хувь хөнгөлдөг уламжлалтай. Тухайлбал, дөрвөн шагай  авчирч тасалбараа тал үнээр авах боломжтой. Эсвэл нэг ном авчираад мөн л хөнгөлөлттэй үнээр тасалбараа авч болox хөтөлбөрүүдтэй. Гол нь тус газрын вэб хаягаар хааяа нэг зочлоод хэзээ, хэдийд тасалбар хямдрах вэ гэдгийг л харчихад болно. Шагайн аян удахгүй эхэлнэ. Шагайгаар үндэсний хэв маягийг илтгэсэн үзүүлэн хийхээр зураач, урлагийнхантай зөвлөлдөж байгаа юм билээ. Харин номуудаа орон нутгийн номын санд хандивлана гэсэн. Есдүгээр сард бүх сурагч анхны онц авсан дэвтэрээ үзүүлээд 50 хувь хямдралтайгаар тоглож болно.

 Парк руу ороход 1000 төгрөг авдгийг иргэд шүүмжилдэг. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа энэ талаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү ороход 1000 төгрөг төлдөг. Гэхдээ тоглох тоглоомын үнээсээ 1000 төгрөгөө хасуулах боломжтой. Эсвэл хоолны газар орохдоо үнийн дүнгээс хасуулж болно. Түүнчлэн авто зогсоол, бие засах газар, үнэгүй тоглоомын хэсэг, цирк, хүүхэлдэйн театрын тоглолтууд гээд олон зүйл энэ үнэд багтаж байгаа юм. Парк дотор ганц спорт паб ажиллуулдаг. Мөн  ресторан, боулингийн төвтэй.Архидан согтуурах боломжгүй. Хяналт сайн, 75 камертай. Хүн ихтэй үед иргэд өөрсдөө сэрэмжтэй байхгүй бол халаасны хулгай мэр сэр гардаг” хэмээн ярьсан.

Нийгмийн хариуцлага талаасаа тус хүрээлэнгийнхэн дүүрэг, хороодын нийгмийн ажилтантай  хамтарч, эмзэг бүлгийн өнчин эсвэл амьдралын боломжгүй хүүхдүүдийг жил бүр нэг өдөр үнэгүй тоглуулдаг аж. Асрах газрынхан ч ирж  нэг өдрийг зугаатай өнгөрүүлдэг.  “Ээлтэй ертөнц”  төрийн бус байгууллагын  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэргэнцэртэй иргэдийн холбоодтой хамтарч нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг баярлуулдаг байна.  Мөн хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй иргэд паркад өнжин хүний нүүр дээр зураг зурах үйлчилгээг үзүүлдэг гэсэн.

Товчхондоо соёл амралтын хүрээлэн ямар байх ёстой бүрэн утгаар нь үйл ажиллагаа явуулж, талбай дүүрэн хүүхэд тоглож, түм түчигнэж бум бужигнаж байна.

Энэ үеэр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батнягттай хэдэн хором ярилцлаа.

Үндэсний соёл амралтын хүрээлэн газрынхаа багагүй хэсгийг бусдад алдсан. Энэ маргаан дуусгавар болсон уу?

-“Мон Уран”, “Шангрилла” гэх байгууллагууд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын тодорхой хэсгийг эзэмших болсон нь маргаан дагуулсан. Шат шатны шүүх энэ асуудлыг хэлэлцсэн. Харамсалтай нь, бүх шийдвэр бидний эсрэг гарсан. Одоо газрын маргаан байхгүй.

Үндэсний соёл амралтын хүрээлэн одоо 31.5 га талбайг эзэмшдэг. Гэвч 15 га-д нь үйл ажиллагаа явуулдаг. Үлдсэн талбайгаа бас бүтээн байгуулалт хийхгүй байсаар алдчихвий дээ?

-Төлөвлөсөн ажил бий. Хөрөнгө оруулалт сайн байх хэрэгтэй. Манайх жилд дээд тал нь 100 хоног ажилладаг. Улирлын байдлаас шалтгаалж жилийн турш ажиллах боломжгүй. Гэхдээ төлөвлөснийхөө дагуу ажлаа хийнэ. Сүүлийн жилүүдэд долларын ханш, мах, талх сүүний үнэ өссөн. Гэтэл манайх 2010 онд шинэ тоглоом суурилуулсанаас хойш тоглоомын тасалбарын үнээ нэмээгүй. Гэхдээ ажилчдын цалингаа нэмсэн. Энэ бүгдээс шалтгаалж бүтээн байгуулалт бага зэрэг оройтож байна.

-Энэ жил шинээр тоглоом авсан уу?

-Шинэ авсан тоглоомууд 15-25 жилийн баталгаатай. Өнгөрсөн онд хоёр, 2015 онд дөрвөн тоглоом нэмж авсан. Энэ жил долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж шинээр тоглоом авч чадаагүй. Манай тоглоомууд 2-7 жил болж байна. Насжилт дуусах болоогүй.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл