Мөрөөдлөө дагаад малчин болсон минь

Мөрөөдлөө дагаад малчин болсон минь

 Намайг наймдугаар анги төгссөн жил цаг төр хямарсан үе таарч, картын бараа ид үе байсан юм болов уу. “Хоногийн хоолтой явья гэж бодож байгаа бол мал хариулсан нь дээр” гэсэн онол хүчтэй нөлөөлж, хүүхдүүдээ сургуулиас ид завсардуулж байсан үе. Хүүхэд нь хүсэх эсэх хамаагүй дураараа аав ээжүүд хичээлийн цагаар ч хамаагүй орж ирээд захиралд ч хэлэхгүй ангийн багшид дуулгасан болоод хүүхдээ “малчин болгоно, та нарт хамаагүй” гээд аваад явчихдаг  байсан.

Миний хувьд аав эмч, ээж сувилагч хэдий ч хөдөөний хүүхдүүд нэг л гоё харагдаад л…. гай л байхгүй юу. Аавыг дагаж дуудлагад яваад, хааяа нэг очиход хөдөө хачин сайхан байдагсан, урхинд орсон юм байлгүй. Наймдугаар ангиа төгсөн жил хичээл ч хүндрээд, угаасаа хичээл хийх хүсэл байгаагүй болохоор  “малчин болоод хөдөө очоод хэн ч байхгүй газар хэнтэй ч уулзахгүй явах нь гоё байх” гэсэн адын бодол дотроос хатгаад салахаа байсан цаг. Эгчийгээ хичээлээ хий гэж шаардвал “малчин болно, хичээл хэрэггүй” гээд уйлахаараа  айлгана. Ээжийг ганц хоёр юм хэлвэл “малчин болмоор байна” гээд гэрийнхээ гадаа гараад суучихна.

 Голын эрэг, хашааны гадна байгаа ганц нэг тугал бяруу, хурган ишиг байвал дагаж гүйгээд л малчин болж тоглоод л … хэхэхэх Манайхан бүгд намайг “тэнэг” гэхээс өөрөөр нэрлэхээ байж, миний энэ байдал ганцхан аавд маань их таалагдаж байлаа. Тиймээс аав юм л бол намайг аваад хөдөө явна. Малтай айлд очиж, хонь хариулж, морь унаад л… хөдөөний унаган малчин хүүхдүүдийг гүйцэхгүй ч бас дутахгүй санаатай зүтгэсээр малд овоо зүгширч байх үедээ наймдугаар ангиа ч төгслөө. Нэгдэл нийгэмчлэл тарж, малаа хувьчилж байсан хүмүүс хувийн малтай ч боллоо. Нэг л өглөө гадаа майлсан мөөрсөн баахан хонь, ямаа, үхэртэй айл болчихов.

Ээж маань наанаа инээж, цаанаа уйлж байсан байх. Эгч нар маань шууд эсэргүүцэж байсан ч аав шийдвэр гаргасан хойно тэд яах вэ дээ, тэмээ туйлаад тэнгэрт гарах биш малчин боллоо, манайх. Хэхэх хамгийн их баярласан хүн би байлаа, хонинд явж, хурга ишигтэй зууралдаж, үхэр адуу гээд л морь унаж давхиад л… зун намар ч яахуу зугаатай л өнгөрсөн, өвөл айлд малаа тавьж өвөлжүүлээд дэн дун шиг өвөлжөөд л дулаарангуут шууд мал дээрээ гарлаа даа. Анх удаа мал төллүүлсэн. Яг үнэндээ аймаар байсан шүү… малчин хүний хаврын их ажил гэдэг гэртээ хувцасаа  бүтэн тайлж унтах нь ховор л өнгөрдөг юм билээ. Шөнө унтаж байхдаа гэрийн гадна төрж байгаа хонь,ямааны дууг сонсоод л өөрийн эрхгүй гарч гүйнэ. Чоно, нохой, шороо, цас… үнэндээ тийм гэхээргүй их хөдөлмөр, хүч бол малчин хүнээс л гарна…

Зургаан охинтой, нэг хүүтэй өнөр айл хэдий ч манайх үргэлж хоёр гурваараа л амьдардаг, аав маань биднийг эрхлүүлж сүйд болохгүй, харин ч ажил хийж сур, хэн ч булааж авахгүй хэмээн сургаж, аргал хүртэл түү гээд зүгээр суулгана гэж үгүй өссөн хэдий ч мал дээр гараад арай л майлаагүй дээ, олон удаа уйлж, оргож босч сумын төвийн гэррүүгээ гүйсэн. Тэгээд яах уу, аашилж нэг, аргадаж нэг загнах аавын эрхээр малласан, малласан, малыг… энэ бүхэнд ээж минь үргэлж дэргэд маань байсан болохоор маш их түшигтэй байж дээ, гэж одоо эргэж боддог юм. Бидний ижий цэвэрч нямбай дуу цөөнтэй бүсгүй байсан. Хааяа нэг өөртөө дуулж байна уу гэмээр намуухан дуу аялаж, үргэлж л үйл үртэс оёж суудаг ээжийгээ үеийнхээ бүсгүйчүүдтэй уулзахаар тас тас инээж байхыг нь харах сонин байж билээ.

Нуруулаг цэвэрхэн шар царайтай бүсгүй байсан ээж маань 80 насыг хүрээд хорвоогоос буцахдаа нүүрэндээ үрчлээгүй, тэнүүхэн царайтай байсан нь гайхалтай. Олон хүүхэд гаргасан, гэрийн ажилдаа нухлагддаг байсан ч ээж хэзээ ч цэвэрхэн үргэлж үс нь ороолттой, ногоон ноосон хослолын дотор цасан цагаан цамц өмсөөд час улаан цүнх тохойвчилсон ганган гэж жигтэйхэн бүсгүй байж, одоо бодоход. Хэдийдээ гэрээ цэвэрлэж, биднийг асарч бас аавын арыг хатуу дааж явдаг байсан юм болдоо гэж одоо л бодож суух миний царай. Аав ээж хоёр маань 28 насандаа гэр бүл болсон гэдэг. Гэр бүл болоод долоон хүүхэд төрүүлсэн манайхыг нутгийнхан нь үлгэр жишээ гэр бүл гэдэг байлаа. Аргагүй ч үгүй биз, бидний хэн ч ээж аавыг муудалцаж байхыг хараагүй. Аав маань түргэн зантай, ил шулуун үгтэй нэгэн. Харин ижий маань намуухан, зан муутай үедээ муухан мушилзахаар өөр үйлдэл гаргадаггүй, их зөөлөн хүн байлаа. Амьдрал юм хойно, андуу ундуу болох үе гардаг л байсан биз. Аавыг уурлахад ээж чимээгүй болчихдог, ээжийг бухимдахаар аав гараад явчихдаг, хэсэг байж байгаад эргээд ороод ирэхэд ээж юу ч болоогүй юм шиг хоол цайг нь өмнө нь өрөөд л сууж байдаг. Аав ч нээх сүр дархийж орж ирээд ээжийн байгаа байдалд тайвширдаг байсан юм уу, тэгсгээд хэвэндээ орчихдог байсан санагдана.

Ээж маань шөнө орой их сууна. Хааяа шөнө сэрэхээр ээж хэнийх нь ч юм дээл, эсвэл цамц, өмд оёод л сууж байдаг байж билээ. Харин аав өдөр шөнөгүй л эзэнгүй байх цаг олон. Ээжээс асуухаар ихэс рүү, жавхлант руу, хужирт руу, нуурын ар, хойд хоолой руу дуудлагад явсан гэх. Харин аавыг байхад өглөө эрт босоод байхад л зоолттой нэгээс хоёр зочинтой өглөөний цай ууна даа. Санд мэнд гэрээ цэвэрлээд л дуусч байхад дараагийн зочид гэрийн гадна ирсэн үүдэнд тавьсан модон гишүүр дээр пид пад гээд л гутлаа арчих, гэрийн гадна бүслүүрээс зүүсэн гутлын алчуураар чад пад хийлгэн цохиж тоосоо унагаах чимээ гарч байдаг байж билээ. Ирсэн хүмүүс явна гэж байхгүй, тамхи баагиулан хэвтэх нь хэвтэж, суух нь сууж юу л ярьдаг байсан юм бүү мэд өнжинө. Хаа очиж аав маань архи уухгүй, мөрийтэй тоглохгүй болохоор манайд ирсэн хүмүүс яриад л суугаад байдаг байж билээ. Ээж бухимдана гэж байхгүй цай дуусвал нэмж хийгээд л оройтсон нэгэнд нь хоол хийж өгөөд л суух. Ингэж л байх ёстой мэт. Харин гадны хүн байхад үргэлж ирдэг аавын найзууд байсан ч бид дэгтэй байх ёстой. Аавын харц, ээжийн нүдийг ажиглаад л гарч орон ажлаа амжуулна. Томчуудын яриа чагнах муухай гээд хичээл хийх ном уншихаас бусад цагт гэрт байгаад байхыг нэг их таашаадаггүй байж билээ,хүмүүжил л юм даа…

Хамгийн сонин нь хүмүүсийн хөл сумын төвд ч малчин болоод ч тасарсангүй. Харин ч хөдөөний хүмүүс бүр гэрийн гадна хонио, үхрээ хариулаад өдөржин манайд өнжчихдөг. Уг нь гэртээ ойрхон хониа хариулчихмаар байхад гадны зочны мал байгаад байхаар ойртож чадахгүй хол хариулахаас өөр аргагүйд хүрэх болохоор заримдаа зорилгогүй ирж, ээжээр цай чануулж хоол идээд өнжих зочдоос залхдаг байлаа. Тийм ч учраас гэрийн гадна, уяан дээр олон морь харагдвал алсхан гараад уулын орой дээр дурандаад хэвчихдэг. Зочид явахаар гэртээ очдог байж билээ.

Мал гурван жил малласан, миний хувьд. Тэгээд л үнэндээ цаашид мал маллах шатахуун дуусч, сэтгэлийн чин хүсэл маань алга болчихсон доо. Хэд хэдэн удаа аймаг руу мал маллахаас зугтаж, хамаатан садан, ахан дүүсийнхээ машинд нуугдан сууж оргосон, оргосон. Айлд байх нь цаг хугацааны асуудал болохоор амандаа баригдаад л малтай гэртээ ирнэ. “Чи сургуулиа малаар сольж малчин болно гээ биз дээ, сайхан байгаа биз” гэсэн ах эгчийн ам асуултанд баригдаж зүтгэх сэтгэлийн тэнхээ ч дуусч, гараа өргөн бууж өгсөнөөр, бас бие ч гэнэт өвдөж эхэлсэнээр 17-хон настай миний малчны карьер 1995 онд дуусч билээ …

 Үргэлжлэл бий

Х.Ган-Ялалт

1 thoughts on“Мөрөөдлөө дагаад малчин болсон минь

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.