Үндэсний аудитын газраас Сангийн яамны 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Уг шалгалтаар Сангийн яамны аппаратын 2016 оны санхүүгийн тайланд нийт 610,215.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн болохыг Аудитын газраас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тус яамны төрийн захиргааны удирдлагын газраас   өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Үндэсний аудитын газраас бүх аж ахуй нэгж, хуулийн этгээд, төсөвт байгууллагад шалгалт хийж байна. Шалгалтаар Сангийн  яамны 12 сарын  ажил гүйлгээнээс түүвэрлэн 5.0  сая төгрөгөөс дээш ажил гүйлгээг “Шилэн данс” цахим хуудаст мэдээлсэн эсэхийг шалгахад нийт 610,281.8 сая төгрөгийн 58 ажил гүйлгээг байршуулаагүй зөрчил илэрсэн тухай мэдээлсэн.

Уг асуудалд тус яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Энхбаатар “Шийдвэрийн дагуу сонгууль болохоос өмнө хөтөлбөрүүдэд тараагдсан мөнгөн дүнг шилэн дансанд байршуулаагүй гэдэг асуудлыг тавьсан байна. Монгол банкнаас  хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Энэхүү арга хэмжээний зардал нь тухайн үед 2016 оны батлагдсан төсөвт тусгагдаагүй байсныг төсвийн тодотголоор Сангийн яамны төсөвт тусган УИХ-аас батласаны дагуу буцаан төлсөн. Өөрөөр хэлбэл зургадугаар сард зарцуулсан мөнгийг арванхоёрдугаар сард төсөвт тусган бичилт хийсэн асуудал” гэдэг тайлбарыг өглөө.

Мөн тэрээр Үндэсний аудитын газраас Сангийн сайд 0.8 сая, дэд сайд 0.2 сая, нийт 1.0 сая төгрөгийн шатахууныг хувийн автомашиндаа хийсэн зөрчлийг мэдээлсэн. Үүнд “Яаманд туулах чадвар муу Starex микроавтобус байдаг. Тухайн үед энэ машинаар сайдыг хөдөө явуулах боломж хязгаарлагдмал байсан. Тийм учраас сайдын аюулгүй байдлыг хангах үүднээс 1-2 удаа албан ажлаар хөдөө явахад нь хувийн автомашинд нь шатахуун хийж, холбогдох журмын дагуу шатахууны тооцоог бодсон” гэв. Харин тус яамны  “Манай яаманд том оврын бензин их зарцуулдаг машин байхгүй” гэлээ.

Түүнчлэн Амарбаясгалант хийдийн бумбын тахилга болон бусад зардалд 4.2 сая, нийт 7.7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсаныг Үндэсний аудитын газраас тогтоосон байдаг. Үүнд “Тухайн арга хэмжээг зохион байгуулах ажил нь зургадугаар сарын 30-наас долоодугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн өмнө болсон үйл явдал. Гэтэл одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй холбон тайлбарлаж байгаа нь буруу. Сайд болон бид ч энэхүү тахилгад оролцоогүй” хэмээлээ.

 

Засгийн газрын цом-2016 тэмцээний бооцооны үнэ 2.0 сая, 2016 оны төсвийн төсөл батлахад хоолны зардал 1.5 сая төгрөг зарцуулсан талаар “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх Засгийн газрын тогтоол бий. Тиймээс төрийн албан хаагчдын эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангах үүднээс энэхүү үйл ажиллагаа явагдсан. Гэхдээ батлагдсан төсвийн дагуу явагдсан.

Харин хоолны зардлын тухайд төсөв боловсруулах, түүнд бэлтгэх, засварлах зэрэг нь удаан хугацаанд явагддаг олон процесстой үйл ажиллагаа. Үүнд Сангийн яамны ажилчид илүү цагаар бүрэн бүрэлдэхүүнээр ажилладаг. Төрийн албан хаагчдад илүү цагийн мөнгө олгоход хүндрэлтэй учраас хоолны асуудлыг нь шийдэж үүнд зарцуулсан. Энэ нь нэг удаагийн үйлдэл юм” хэмээх тайлбарыг хийлээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.