Иргэн бол нийгэм

Иргэн бол нийгэм

 МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа 12 дахь жилдээ “Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний бодит оролцоо” сэдвийн хүрээнд ээлжит чуулганаа хийж байна.

“Чингис” зочид буудлын хурлын танхимд болж буй уг чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, чуулганы ажиллагаанд амжилт хүсч, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ бол иргэний нийгмийн байгууллагуудаас үйл ажиллагаа нь тогтворжсон, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг, олон талын асуудлыг хөндөн тавьж төрийн байгууллагуудтай хамтарч нэлээд амжилтад хүрч чадсан сайн санаачилга байгаа юм.

2006 оноос хойш  “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэж тодорхой асуудлуудыг сэдэв болгон авч  чуулган хийж байгаа. Энэ чуулганаа тасралтгүй 12 дахь жилдээ авч явж байна гэдэг бол энэ байгууллагын үйл ажиллагааны чанарыг, тогтвортой, чадвартай байдлыг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж бодож байна.

Манай Үндсэн хуульд “Иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна” гэж маш тодорхой зааж өгсөн байдаг. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж хаана ч байхгүй. Иргэнээ гаднаа хаяад, иргэнээ ангид үлдээгээд байгуулдаг нийгэм гэж байхгүй. Иргэн нь оролцож байж л нийгэм өөрөө бий болно.

Жил бүхэн чуулганаа хийж, тодорхой сэдэв сонгож, тэр жилийнхээ үйл ажиллагааг тодорхойлж ажилладаг үндэсний сүлжээтэй болсон нь Монголын баялаг юм. Энэ бол манай нийгмийн баялаг. Үүнийг Ерөнхийлөгч нь, УИХ нь, засаг нь бүгдээрээ дэмжиж, улам цаашаа хөгжүүлэх хэрэгтэй. Та бүхэнд амжилт хүсье” гэв.

Чуулганд оролцсон НҮБ-ын ХАС-гийн суурин төлөөлөгч Наоми Китахара Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг санаачлан батлуулахад ихээхэн зүтгэл гаргасанд нь болон иргэний нийгмийн байгууллагуудад тусалж дэмждэгт нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.