УИХ-аас Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталснаар төрөөс хэд, хэдэн төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авахаар болжээ.

Уг хууль нь энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжих юм.

Энэ хууль нь 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнд үйлчилнэ.

Хуульд зааснаар сум, хороо, баг, тосгонд “Ахмадын өргөө” байгуулж, ахмад настны хэрэгцээнд үндэслэн лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх, явуулын үйлчилгээ болон өдрийн үйлчилгээ, үзүүлнэ.

Өдрөөр эмчлэх, асрах сувилах үйлчилгээ, хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, сайн дурын үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгоно.

Хувийн хэвшил, төрийн бус байгууллага нь асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлбэл төрөөс дэмжлэг үзүүлнэ. Энэ арга хэмжээнд жилд дунджаар 12500 ахмад настныг хамруулахаар төлөвлөөд байна. 2017 оны сүүлийн хагас жилд 375,0 сая орчим төгрөг зарцуулах ба батлагдсан төсөвтөө багтаан зохицуулах боломжтой гэж үзжээ.

ХҮНДЭТ ДОНОРУУД ҮНЭГҮЙ СУВИЛУУЛДАГ БОЛНО

Хүндэт донор ахмад настнууд рашаан сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулдаг байсан бол шинэ хууль хэрэгжсэнээр 100 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

Хиймэл шүд хийлгэсний төлбөрийг таван жил тутамд нэг удаа авдаг байсныг гурван жилд нэг удаа болгон, хугацааг богино болгож өглөө.

Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, ахмадын кабинет, ахмад настны эмч эсхүл тэдний эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллана.

Хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын хяналтанд авч, асран сувилах тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг ахмадын эмч болон сувилагч, тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтнуудыг оролцуулан зохион байгуулна.

Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр эм олгох, хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна

Хөдөө орон нутгийн ахмадууд нийслэлд ирээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих боломжгүй байгаа асуудлыг Засгийн газраас холбогдох журмыг гарган зохицуулахаар болоод байна.

АХМАДУУДЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА

Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарсан буюу цэргийн алба хаагчийн тэтгэвэрт гарсан эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрээгүй иргэн энэ хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон ахмад настны хөгжил оролцоог дэмжих үйлчилгээнд хамрагдана.

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настанг сум, хорооны ажилтан бүртгэж, мэдээллийн санг аймаг, нийслэл болон үндэсний хэмжээнд бүрдүүлэх, мэдээллийн санд үндэслэн ахмад настныг ажилд зуучлах, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих, бизнес инкубацын үйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох, шинэ дадал олгох сургалтад хамруулна.

2017 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настны зөвлөх үйлчилгээнд 1,0 тэрбум төгрөгийн санхүүжилтыг зарцуулж, 3500 ахмад настныг хамруулахаар төлөвлөөд байна. Тухайлбал ахмадын зөвлөх үйлчилгээний урамшууллын хэмжээ 56 цагаас доошгүй байх, 1 цагт 3500 төгрөгний урамшуулал нийт 200 мянган төгрөг байхаар тооцсон аж. Энэ арга хэмжээнд 2016 онд 1788 хүн хамруулж, 427,5 сая төгрөг зарцуулжээ.

Түүнчлэн ахмад настнуудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан, нийт ажиллагсадын 50-иас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, хоршоонд Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр хөрөнгө, зээл олгож дэмжлэг үзүүлнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Насан туршийн боловсрол төв, түүний салбар нэгж, сум, дүүрэг, баг хорооны эрүүл мэндийн байгууллага, цагдаа, хуулийн байгууллага гэх мэт олон байгууллага салбарын мэдлэг туршлагатай ахмадуудыг гэрээт ажилтан, зөвлөх, сургагч багшаар ажиллуулах боломж бүрдэж байна.

ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Нийгмийн даатгалын сангаас ахмадад олгох оршуулгын тэтгэмжийг 100 хувь болгон нэмэгдүүлжээ. Өмнө нь 75 хувиар тооцож олгодог байсан аж. Мөн ганц бие ахмад гэсэн шалгуурыг хасчээ. Ингэснээр Монгол Улсын бүх ахмад настан оршуулгын тэтгэмж /1,0 сая төгрөг/ авах эрхтэй болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.