Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл шиг харагддагаас нь “Дэл уул” хэмээн нэрлэсэн энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой намхан толгой бол Монгол нутгийн эртний түүхийг хадгалсан амьд музей юм. Урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залгагдсан энэ газар бол зүгээр нэг байгалийн үзэсгэлэнт тогтоц биш бөгөөд тэртээх хүрлийн үеийн нүүдэлчин өвөг дээдсийн үлдээсэн хосгүй галерей, чулуунд сийлсэн олон мянган жилийн түүхэн архив юм.
Энд 3000 гаруй сүг зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах монгол болон хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш зэрэг гайхамшигт дурсгалууд багтдаг. Тухайлбал, 6 дахь галерей буюу Зүүн билүүгийн хадны зурагт янгир, морь, морь унасан хүн, тэмээний дүрслэлүүд болон улаан зосоор зурсан бүргэдтэй адил жигүүртний дүрслэл (Их тэнгэрийн амны зурагтай төстэй) элбэг байдаг. Мөн Элст хөтөл гэх газарт 19 хүний бүжиглэж буй хөдөлгөөн дүрслэгдсэн, эртний оршуулгын зан үйлийг илтгэдэг “32 хүний хөшөөтийн дөрвөлжин булш” байдаг нь хожим Ардын багш С.Дуламын судалгаан дээр үндэсчилсэн “Хөмөргөн гурвалжин” этно балетын сэдэв болон амилж, ЮНЕСКО-гийн тайзнаа хүртэл эгшиглэсэн түүхтэй.
Гэвч байгалийн ийм хосгүй сайхан тогтоц, баялаг түүхтэй энэ цогцолбор өнөөдөр эрх баригчдын харцнаас далд, хараа хяналтгүйгээр эзгүйрч байна.
Эзэнгүй орхигдсон түүх ба 20 жилийн ганцаардмал тэмцэл

Дэл уулынхаа гол дунд төрж, хүүхэд ахуй цагаасаа эхлэн энэ чулуун дээр хурга хариулж өссөн, нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх бүтэн 20 жилийн турш амьдралынхаа утга учир болгон энэ өвийг ганцаараа шахам хамгаалж явна. Тэрээр өөрийн эмзэглэл, эрх баригчдын хайхрамжгүй байдлын талаар ийнхүү харамсангуй өгүүлж байна:
“Би чинь багаасаа л энэ уулыг бараадаж өсөөд, хорин жил энэ чулуун дунд амьдарч байна даа. Өдөр бүр л чулуун дээрх зураглалуудыг харж, өөрчлөгдөж байгааг нь дэргэдээс нь ажиглаж явах юм. Хэдэн жилийн өмнөх зургаа харахад л зарим бичээсүүд нь эрс бүдгэрчихсэн, эсвэл бүр чулууных нь гадаргуу хальсаараа хуулараад уначихсан байдаг юм. Говийнхоо ширүүн салхинд элсээр хусруулаад л, зундаа нар шараад улайгаад, өвөлдөө хөлдөж хагараад байхаар чинь энэ хатуу чулуу хүртэл тэсэхээ байж байна шүү дээ. Хүмүүс бид чинь ууланд гарч ирээд сайхан зургаа авахуулаад л яваад өгдөг, харин энэ чулуунууд ямар айхтар зовлон туулж байгааг хэн ч анзаардаггүй юм шиг санагддаг юм.
Ялангуяа говийн хар салхи, шороон шуурга ихтэй өдрүүдэд чулуун дээрх нарийн сийлбэрүүд дээр элс шуурч цасан шуурга шиг л юм болоход хайран сайхан түүх маань арилаад дуусах вий дээ гэхээс айдаг шүү. Бид чинь өвөг дээдсийнхээ үлдээсэн үнэтэй ганц үлдэгдлийг хойч үедээ бүтнээр нь үлдээх үүрэгтэй биз дээ. Гэтэл байгалийн аясаар ингээд нүдний өмнө элэгдээд унаж байхад хөдлөхгүй бол хэзээ оройтох бол оо гэж санаа зовдог юм.
Энэ бол зүгээр нэг чулуун дээрх зурас биш, монголчуудын язгуур түүх, өвөг дээдсийнх нь үлдээсэн нууцлаг номын сан юм. Гэтэл эрдэмтэд очиж судалгаа хийж, бичгийг нь тайлж л байдаг. Харамсалтай нь энэ их өвийг хамгаалах байнгын харуул хамгаалалт, тор хашаа, бодит менежмент гэж төр засгийн түвшинд алга байна. Улсын тусгай хамгаалалтад авах тухай яриа гараад л, Засгийн газрын түвшинд очиод л бүтэн 8 жил гацлаа.
Тэр зундаа гэхэд л уул руу явахад хөрс шороо нь хүртэл хатаж ангаад, чулуун дээрх дүрсүүд яг л амьгүй юм шиг цайраад уначихсан байхыг хараад сэтгэл маш их өвдсөн дөө. Энэ олон жил нүдний цөцгий шиг хайрлаж ирсэн дурсгалууд минь цаг агаарын эрхэнд ингээд нүдэн дээр минь алга болоод байна гэдэг чинь үнэхээр харамсалтай шүү дээ. Хүний гар хүрээд эвдчихээс илүүтэй байгаль өөрөө энэ өвийг маань секунд секундээр дотроос нь сийрэгжүүлээд мэрээд байгааг л хүмүүс анзаараасай билээ. Мөн алт ухсан эрэн хайсан, өв соёлоо зүгээр л ухаж тонож хэдэн халтар төгрөгнөөс болж сэндийтэж байгаа хүмүүс олон байгаад сэтгэл өвдөж байна” хэмээн санаа алдан ярилаа.
Энэхүү харамсалтай дүр зураг ганц Дэл уулаар хязгаарлагдахгүй бөгөөд Монголын маань бүхий л түүх соёлын өв соёлд байнгын мониторинг хийх, хяналт тавих тогтолцоо дутуу дулимаг байгаагийн тод илрэл юм.
Дундговь аймгийн Дэл уул дахь түүхэн хадны дурсгалууд гаднаасаа бат бөх, хэвээрээ мэт харагдавч уур амьсгалын өөрчлөлт, температурын огцом савлагаанаас үүдэлтэй дулааны шокын улмаас секунд бүрээр дотроосоо элэгдэж, чимээгүй устсаар байна. Хүний нүдээр тод томруунаар шууд харагдахгүй ч хүрч хүрэхгүй төдий шүргэхэд л салж унахаар болтлоо сийрэгжсэн Дэл уулын үнэт өвийг бодитойгоор хамгаалалтандаа авах цаг аль хэдийн болжээ.

Уур амьсгалын өөрчлөлт ба ус, чулууны тэлэлт: Яагаад яаралтай хамгаалах ёстой вэ?
Дэл уулын хадны зургууд сийлэгдсэн тунамал занар чулууны ерөнхий бүтэц, орц найрлага байгаль дээр байдаг ч яг Дэл уулын хадны сүг зургийн оршин буй тэрхүү чулуулгийн нарийн төвөгтэй бүтэц, онцлогийг судалсан суурь судалгаа өнөөг хүртэл байхгүй байна. Соёлын Үндэсний Төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга энэхүү дутагдалтай байдал болон байгаль цаг уурын нөлөөгөөр түүх маань нүдэн дээр элэгдэж буй ноцтой аюулыг онцолжээ:
“Ер нь ерөнхий утгаараа тунамал занар чулууны бүтэц ямар байдаг вэ гэдэг нь тодорхой боловч яг Дэл уулын хадны зургууд сийлэгдсэн тунамал занар чулуулгийн хуудаслаг бүтэц цаг агаарын улмаас ямар хэмжээнд элэгдэж мөхөж байгааг тогтоосон нарийн хими-минералогийн судалгаа байхгүй. Үүн дээр хийсэн судалгааг хийгдээгүй байнаЯлангуяа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр борооны ус, чийг нь чулууны завсар буюу хуудаслаг бүтцэд шингэж ороод, шөнөдөө хөлдөж тэлэх явцад чулууг дотроос нь хагалж, сийлбэртэй гадаргууг нь үйрүүлж унагааж байна. Өвлийн хүйтэн, зуны халууны огцом солилцоонд ус чулуунд үзүүлэх энэхүү механик тэлэлт нь мянган жилийн түүхийг секундээр устгаж байгаа хэрэг. Бид энэ чулууг жилийн дөрвөн улиралд хэрхэн тэсвэрлэж буйг хянаж, байнгын мониторинг хийх тогтолцоогүйгээр зөвхөн олдсоноор нь орхичихсон сууж байна. Дэлхийн өндөр хөгжсөн орнуудад соёлын өв болон түүний суурь материалыг хадгалж үлдэх олон улсын жишиг болсон нарийн төвөгтэй менежмент байдаг ч харамсалтай нь энэ бүхэн манай Монголын соёлын өвийн салбарт маш их дутагдаж байна. Гол шалтгаан нь хөрөнгө мөнгө дутмаг байна. Ганц удаа очоод судалгаа хийгдэх боломжгүй. Дөрвөн улирал хэрхэн хадны сүг зурагт нөлөөлж байгааг судалж байж хамгаалах ажил хийгдэнэ. Зундаа халалт, борооны ус, чийгшил хэрхэн нөлөөлж тэлэлт өгч байна. Өвөлдөө хөлдөлт хэрхэн явагдаж байна. Намар цаг агаар чийгшил нөлөөлж байгааг, хавар газар гэсэхэд хэрхэн тэлэлт өгч байгааг шинжих хэрэгтэй гэсэн үг. Манай орон улиралтай учраас улирал бүр мониторинг хийж судлах шаардлагатай. Дэл уулын хуудаслаг тунамал занар чулуу нь сийрэг учраас завсар бүр хагарал бүрээр ус чийг, тэлэлт өгч байдаг. Завсар бүрээр борооны ус орно. Хүрэх, татахад л салдаг учраас маш болгоомжтой хандах ёстой. “
СӨҮТ-ийн мэргэжилтнүүд 2019 оны 05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 05-ны хооронд Дэл уулын 32 хүнтийн дурсгалаас 1:1 хэмжээтэй хэв дардас авч архивлан баримтжуулсан нь дижитал болон физик хэлбэрээр хойч үедээ үлдээхэд дэвшил болсон хэдий ч энэ нь цаасан тайлан төдий үлдэж, бодит байдал дээр чулууныхаа физик элэгдлийг зогсоох олон улсын жишиг бүхий хадгалалт, мониторинг болж чадахгүй байгаа юм.






Судлаач А.Ангарагсүрэн энэ талаар хэлэхдээ:
“Дэл уул бол зөвхөн нэг аймгийн эсвэл нэг эрдэмтний судалгааны талбар биш. Энэ бол үндэсний хэмжээнд хамгаалах ёстой дархан цаазтай соёлын орон зай юм. Жилийн дөрвөн улирлын турш чулууны элэгдэл, усны тэлэлт, температурын шокийг хянах мониторинг хийж, бодит хамгаалалт нэвтрүүлээгүй цагт энэ эмзэг чулуун дээрх түүх салхинд хийсч, хүний гарын гамшигт үгүй болох аюул бодитой оршсоор байна” хэмээн анхааруулжээ.
COP17 дээр энэ эмзэг өвийг анхааралдаа авах шаардлага
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн элэгдэл, хүний гараар хийгдэж буй тонуул, дээр нь олон улсын жишигт нийцсэн дөрвөн улирлын мониторинг, физик хадгалалтын менежмент үгүйлэгдсэн энэ цаг үед эх орондоо зохион байгуулагдаж буй НҮБ-ын COP17 дээд хэмжээний уулзалтад оролцогчид болон эрх баригчид үүнийг анхааралдаа авч, бодит шийдвэр гаргахыг шаардаж байна.
Бид түүхэн олдвороороо гайхуулахаас илүүтэйгээр түүнийгээ олон жилийн турш биет байдлаар нь авч үлдэх хадгалалт, хамгаалалтын бодит систем, олон улсын жишигт хүрсэн хяналтын тогтолцоо руу нэн яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна. Эзэнгүйрэн орхигдсон “чулуун номын сан”-гаа болон Монголынхоо нийт өв соёлыг аврах, хууль бус тонуулыг таслан зогсоох, жилийн дөрвөн улирлын турш ажиллах мониторинг бүхий бодит менежментийг COP17-ын индрээс онцолж, төрийн бодлогоор бодитоор хэрэгжүүлэхийг шаардаж байна.








































Гэрэл зургийг Г.Гэрлээ, С.Баяр, Б.Батмөнх, С.Бат-Эрдэнэ
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
