Энэ оны 7-р сарын 28-нд Улсын онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ руу уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын хэлэлцээрийн дагуу “Ногоон гарц” түр журмыг гарган хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай Петро Чайна Дачин тамсаг ХХК-ийн 35 ажилчин, “ДБЭХС” ТӨХК-ийн өргөтгөлийг гүйцэтгэхээр 58 иргэн гэрээний дагуу орж ирсэн байна. Ингэхдээ зөвхөн Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж, зохих журмын дагуу тусгаарлалтын дэглэмийг сахиулж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн боомтод Петро Чайна Дачин тамсаг ХХК-ийн 107 иргэн тусгаарлалтад байгаа аж.




