Улс төрчдийн нууц ЗОЛИОС-2

Үргэлжлэл-1

ГЭМТСЭН ЭМЧ НАРТ ТОГТООСОН ГЭМТЛИЙН ЗЭРЭГ…

2018 оны наймдугаар сарын 31-ний өдрийн №10852 дугаартай Аззаяагийн биед суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэнгийн хугарал, баруун гайморын  хөндийн урд хана, арын хана, зүүн гайморын хөндийн урд болон арын хананд хугарал, баруун зүүн ухархайн дотор хана, доод хана, хамар ясны хамрын таславчийн хугарал, тархины доргилт, цээжний хөндийд шингэн хуралдалт… шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10, 3.6.4-т зааснаар амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

№10850 дугаартай Гантуяагийн биед элэгний зөөлөн эдийн няцрал, хэвлийн хөндийн цус хурагдалт, 4-р хавирганы хугарал, тархины доргилт… шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

№11014 дугаартай С.Галтын биед тархины эдийн дунд зэргийн няцрал, цээжний баруун талын 2-6, Зүүн 5-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны няцрал, цээжний хөндийн хий, шингэн хурдалт, зүүн бугалга, ясны  далд хугарал, баруун далны хугарал хүзүүний 3 нугаламны баруун сэртэнгийн хугарал… шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.12-т зааснаар амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

№10851 дугаартай Энхжингийн биед баруун уушигны няцрал, плеврийн хөндийд хий хуралт, баруун шуу,богтосны ясны ил хугарал, хүзүүний 7-р нугаламны сэртэнд хугарал… шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

№10853 дугаартай Ундармаагийн биед тархины хоёр тал бөмбөлгийн таславч хоорондын аалзан бүрхүүлд цус харвалт, нүүр дух зулгарсан, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна хэмээн дурдсан байв.

Харин Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний №443 дугаарын дүгнэлтэд, …Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схэм зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зорчих хэсэгт үлдсэн, асгарсан эд зүйл, шингэний ул мөр, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, тэдгээрийн эвдрэлүүд, зам, байгаль орчны байдал, жолооч, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэхэд 8424УБЕ дугаартай автомашины жолооч Ц.Батчулуун нь 8.2 дахь заалт, эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. …. 8979 УНБ дугаартай приус машины жолооч П.Аззаяа нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчсөн шууд үйлдлээс уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлгүй байна хэмээсэн байх юм.

ХЭРГИЙН ТАЛААРХ ШҮҮГЧИЙН ДҮГНЭЛТ…

Улайрсан сонгуулийн золиос, улс төрчдийн увайгүй үйлдлийн төлөөс болсон таван эмчийн эрүүл мэндийн асуудлаар 2018 оны хоёрдугаар сарын 9-ний баасан гарагт Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдсан байдаг. Шүүх хурлын ерөнхий шүүгч, хурлын даргаар Ж.Дэлгэрмөрөн, нарийн бичгийн даргаар С.Гончигбал, улсын яллагчаар Ц.Гэрэлбаатар нар оролцжээ.

Шүүгдэгч Ж.Батчулуун нь 2017 оны долдугаар сарын 02-ны 15.00 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын нэгдүгээр багийн нутаг Тээг толгой гэх газарт 8424УБЕ улсын дугаартай ниссан маркийн машин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  8.2-д заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн П.Аззаяагийн жолоодож явсан 8979УНБ дугаартай приус машиныг мөргөж, П.Аззаяа, Р.Гантуяа, Э.Энхжин, С.Галт нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч У.Ундармаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн өөрийн жолоодож явсан автобусны зорчигч АНУ-ын иргэн А.Петерийн эрүүл мэндэд хүндэвтэр, С.Марине, Мариан Давос, К.Сентя, П.Цэнгэл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, тоёото приус машины  шууд 11 сая 995.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Батчулууны хэргээ хүлээсэн мэдүүлэг болон  хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжээч эмчийн дүгнэлт… зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлийг удирдлага болгон Тогтоох нь, “шүүгдэгч Ж.Батчулууныг авто тээвийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1.3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй…

Анхан шатны шүүхийн шийдвэр ийн гарсан юм. Хамгийн харамсалтай нь анхан шатны шүүхээс 2017 оны долдугаар сарын 02-нд зам тээврийн осолд орж эрүүл мэндээрээ хохирсон таван эмчийн хохирлыг хэн төлөх талаар шийдвэр гарсангүй. Шийдвэр гараагүй учир осолд орж эрүүл мэндээрээ хохирсон эмч нар эрүүл болох гэж олон сараар эмчлүүлсэн төлбөр, эрүүл биеэ олж авах гэж алдсан цаг хугацаа, сэтгэл санааны хохирол болон энэ хугацаанд алдсан эд материалын хохирлоо нөхөн төлүүлж чадаагүй юм. Учир нь Булган аймгийн сум дунд дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хөөрхий эмч нарын хохирол нэхэмжилсэн асуудлыг хэлэлцэхгүй орхиж,  эмч нарыг иргэний журмаар нэхэмжил  гэсэн шийдвэр гаргасан юм.

Эрүүл мэндийн сайд аа, энэ алдрыг хүртэж явсан А.Цогцэцэг хатагтай болон тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат, мөн ийм мэргэн санаа гаргасан рэх баригч нарын дарга нар аа, та бүхэн энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хараагүй байгаа байх. Тэгвэл өөрт тань зав гарахгүй байгаа бол өөрийгөө төлөөлөх туслах, зөвлөх нартаа хэлж, бусдын буруугаас хохироод байгаа таван эмчид туслах цаг болжээ. Та нарын халааснаас гарах биш буруутай этгээдээр төлүүлэх,  ядаж эмчилгээний төлбөрийг нь бүрэн гаргуулахад анхаарлаа хандуулж, туслах шаардлагатай байгааг хэлүүлэх юун…

Үргэлжлэл бий

сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours