Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: “Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй”

“Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол нь эмч нар маань орон нутагт очиж ажиллах сонирхол, тэндээ тогтвор суурьшилтай үлдэх нийгмийн баталгаа буюу хөшүүрэг механизм л дутагдаад байгаа юм. Тиймээс бид 2026 онд сумын ЭМТ-үүдийн санхүүжилтийг 77 тэрбумаар зузаатгаж, эмч нар сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Бид төсвийн урсгал зардлаас танаж, ЭМД-ын санд 191 тэрбум төгрөгийн зузаатгал хийснээр 2026 онд санхүүжилтийг 75% нэмэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд нийт ажилчдынхаа цалинг ирэх онд 75 хувьд хүргэх том зорилттой ажиллаж байна.”

Дорноговь аймгийн ЭМГ-ын дарга Д.Батцэцэг: “Бид эмч нараа орон сууцаар дэмждэг”

“Манай аймгийн хувьд хүний нөөцийг бодлогоор хамгийн сайн дэмждэг гэж боддог. Нэн шаардлагатай нарийн мэргэжлийн эмч, багш нартай 5 жилийн гэрээ байгуулаад 2-3 өрөө байрыг үнэ төлбөргүй өгдөг, эсвэл түрээслээд өмчлөх хэлбэрээр олгодог. Эмнэлгийн ажилчдын хамгийн гол асуудал бол орон сууц байдаг.

Бид жилдээ 1000-2000 орчим хагалгааг орон нутагтаа хийж байна. Зөвхөн маш нарийн мэдрэлийн болон тусгай ортопедийн хагалгааг л хот руу явуулдаг. Ингэснээр орон нутагтаа тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэх боломж бүрдсэн.”

Увс аймгийн ЭМГ-ын дарга Р.Дашзэвэг:”Дэд бүтэц сайжирсан ч орон сууцны асуудал тулгамдсан хэвээр байна”

“Ноднин жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсон. Ингэснээр өмнө нь 20-24 цаг автомашинаар явж яаралтай тусламж авдаг байсан асуудал эрс багассан. Хүний нөөцийн хувьд бид гавьяаны амралтад гарсан эмч нараа эргүүлж ажиллуулах, сум орон нутгаасаа эмч нараа дадлагажуулж авах тал дээр харьцангуй гайгүй байгаа.

Гэхдээ яг одоохондоо Увс аймагт эмч нараа хүссэн хэмжээнд нь хүртэл урамшуулаад явах боломж арай бүрдээгүй байна. Ер нь цаашид тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол эмч нарын орон сууц. Сумдад ажиллаж байгаа эмч нарыг байраар хангах нь манай салбарын хамгийн чухал ажил болоод байна. Бид олон улсын шилдэг туршлагуудыг судалж, энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО