Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, “түүхэн нэмэгдэл” хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр үргэлжилсээр байна. Тэд цалинг 10-50 хувиар нэмлээ хэмээн өөрсдийгөө магтан алга ташихад, тэрхүү хийрхлийн цуурай нь Төв талбайд жагсаж буй шоргоолжнуудын хоосон аяганы дууг таглан одно. Гэтэл тэр “түүхэн” нэмэгдэл нь багш, эмч нарын гар дээр очихдоо ердөө таван кг үхрийн махны үнэтэй л тэнцэж буйг тэд ойлгохгүй. Магадгүй тэдний тансаг зоогийн ширээн дээрх ганц удаагийн “десерт”-ний үнэ биз. Төрийн түшээд маань “Бид цалинг нэмсэн” гэж цээжээ дэлдэх зуураа инфляц хэмээх араатанд иргэдийнхээ боломжийг аль хэдийн тавиад туучихсанаа анзаарахгүй дүр эсгэнэ. Багш хүн хичээлээ заахын оронд “маргаашийн махны мөнгө”-ндөө санаа зовж, эмч хүн хүний амь аврахын хажуугаар ипотекийн зээлийнхээ хүүнд баригдаж байгаа нь нийгмийн эмгэнэл биш гэж үү? Тэдний яриад байгаа “түүхэн” тоо амьдрал дээр буухдаа “түүхэн доромжлол” болон хувирч байна. Царцаанууд үүлэн дээгүүр дүүлэн нисэх зуур шоргоолжнууд газар дээрх шавар шавхайтайгаа зууралдсаар л…

Өнөөдөр залуу гэр бүлүүд амьдрах биш, ердөө “амьд үлдэх” математикт толгойгоо гашилгаж байна. Математик нь энгийн атлаа хатуу. Ипотекийн зээлд 750 мянга, хүүхдийн цэцэрлэгт 250 мянга, байрны ашиглалтын зардалд 160 мянга, наад захын хоол хүнсэндээ сая төгрөг… Ингээд тооцохоор нэгэн өрхийн сарын хэрэглээ хэдийн 2.1 сая төгрөгийг давчихаад байна. Гэтэл нийгмийн зүтгүүр болсон сэхээтнүүдийн маань сарын үнэлэмж нь ердөө ганц Лексус-600-гийнх нь нэг удаагийн дугуйны үнэд ч хүрэхгүй байгаа нь дэндүү егөөтэй. Бидний ирээдүйг атгаж буй багш нар маань 1.6 сая төгрөгийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна. Тэд өөрсдөө ийм ядуу байхад шавь нартаа “мэдлэг бол баялаг” гэж яаж итгэлтэй хэлэх вэ? Сард 572-хон мянган төгрөг горьдон суудаг тэтгэврийн буурлуудын маань нэмэгдэл болох 45 мянган төгрөг нь зах дээр гараад ганц хайрцаг даралтны эм, хоёр кг мах аваад л салхинд хийсчихнэ. Гэтэл царцаануудын идэх хоол, бөгсөө арчих цаас, унах унаа, тухлах өрөө нь хүртэл татварын мөнгөнөөс “үнэгүй” гардаг. Шоргоолжнууд бүсээ чангалах биш, бүсээрээ хоолойгоо боолгож байхад царцаануудын аяга хэзээ ч хоосордоггүй “ид шидийн” төсөвтэй холбоотой.

Метро, дүүжин тээвэр гэх үүлэн дээгүүрх үлгэр ярьж, ирээдүйгээр маань бооцоо тавьж буй царцаанууд газар дээрх шоргоолжнуудаа “тэг зогсолт” руу түлхэв. Хотын гудамжаар түгжрэх машинууд бол зүгээр нэг техникийн саатал биш, харин төрийн бодлогын дампуурлын хөшөө юм. Дэд сайд нарын армиа нэмж, ордны өрөө болгонд тэрбум төгрөгийн тавилга шахчихаад, ард түмнээсээ “бүсээ чангал” гэж шаардах нь дэндүү ичгүүргүй хэрэг. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын энэ тансаглалын ердөө 2-хон хувийг танахад л эмч нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломж байгааг тэд “метро”-ныхоо нүсэр сурталчилгааны цаана нуун дарж байна. Төр өөрөө бүсээ чангалахын оронд иргэдээ бүсээ тасартал шахаж сууна. Тэд дүүжин тээврээр дүүлэн нисэхийг мөрөөдөж байх хооронд шоргоолжнууд автобусны буудал дээр хасах 30 градуст дагжин чичирч, ирэхгүй автобусаа хүлээн зогсоно. Энэ бол бидний сонгосон, бидний тэжээж буй “царцаануудын” бодит дүр төрх. Тэдэнд шоргоолжны ургац сүйрч, аяга нь хоосон байх нь огт сонин биш, харин өөрсдөө “цатгалан” суух нь л цорын ганц эрх ашиг нь юм.

Байгаль дээр царцаа шоргоолжны цуглуулсан ургацыг юу ч үлдээлгүй идэж орхиод нисэн оддог шиг өнөөдөр манай төр яг ийм болжээ. Бизнес эрхлэгчид “Монгол Улсад шударгаар татвар төлсөн нь илүү хурдан дампуурдаг” гэж цөхрөнгөө барж байна. Жилд 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд, үүнийхээ 40 гаруй хувийг буюу 400 саяыг нь татвар, шимтгэлд “дээрэмдүүлж”, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй сөхөрч буй бизнес эрхлэгчдийн түүх бол шоргоолжны зовлон юм. Төр өөрөө хөдөлмөрлөх боломжийг нь татвар, шимтгэлээр боомилчихоод, дараа нь “халамж” нэрээр өчүүхэн сахар шидэж иргэдээ өөртөө хамааралтай болгож байна. Иргэд нь ажил хийгээд баяжих биш, татвар төлөөд дампуурдаг, эсвэл халамж горьдсон ядуурал руу хүчээр түлхэгддэг энэ тогтолцоо хэний төлөө ажиллаад байна вэ? Бүр жижиг бизнес эрхлэгчид ч 100 сая төгрөгийн орлого олоод НӨАТ, шимтгэл гээд талыг нь төрд өгчихөөд, үлдсэнээр нь түрээс, цалин, түүхий эдийн зардлаа нөхөх гэж өрнөөс өрний хооронд гүйж байна. Энэ бол татвар биш, энэ бол төрөөс иргэдээ “шулах” нарийн зохион байгуулалттай ажиллагаа юм.

Бидэнд царцааг устгахаас өөр арга байхгүй гэж үү? Устгана гэдэг нь заавал хүч хэрэглэх тухай биш, харин тэднийг тэжээж буй тэр “найрын ширээг” нь хурааж авах тухай юм. Төрийн нүсэр бүтцийг задлах, дэд сайд нарын илүүц орон тоог цомхотгох, татварын дарамтыг бодитоор хөнгөлөх нь бидний бодит шаардлага байх ёстой. Сонгуулийн өмнө шидэх “сахарт” хууртаж, дүүжин тээврийн үлгэрт итгэж, өнөө маргаашийн халтар төгрөгөөр ирээдүйгээ солих уу гэдэг нь бидний хариуцлага. Иргэдээ ядууруулдаг, ажил хийх боломжийг нь хумьдаг энэ тогтолцоог өөрчлөх цаг болжээ.

Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй байж болох ч, шоргоолжнууд нэгдэхэд царцаанд суудал олдохгүй гэдгийг сануулах цаг иржээ. Шоргоолжнууд нэгдвэл ямар ч том царцааг нүүлгэн шилжүүлж чаддагийг байгалийн хууль сануулсаар буй. Тэнгэр хол, газар хатуу биш. Харин төр нь дүлий, иргэн нь хэтэрхий номхон байна. Гэхдээ шоргоолжны үүр рүү өнгийх ч үгүй царцаанууд нэг л өдөр үүрнийхээ гадна биш, ордныхоо гадна үлдэхээ мартаж болохгүй. Байгалийн хууль хатуу ч, шоргоолжнуудын тэвчээр түүнээс ч хатуу билээ.

“…Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй байж болох ч, шоргоолжнууд нэгдэхэд царцаанд суудал олдохгүй гэдгийг сануулах цаг иржээ.Шоргоолжны үүр рүү өнгийх ч үгүй царцаанууд нэг л өдөр үүрнийхээ гадна биш, ордныхоо гадна үлдэхээ мартаж болохгүй. Байгалийн хууль хатуу ч, шоргоолжнуудын тэвчээр түүнээс ч хатуу билээ…”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”