Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн даргатай Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Хаягдал ус боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байлаа.
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтэд Ерөнхийлөгч оролцлоо.
Тэрбээр Монгол Улс, АНУ-ын ард түмний түншлэлийн бэлгэ тэмдэг болсон энэ бүтээн байгуулалтад оролцсон дотоод, гадаадын төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, эрдэмтэн судлаач, хамт олонд төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, Сангийн сайд, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар товчлуур дарж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Дулааны цахилгаан станцууд жилд 21 сая орчим шоо метр буюу нийслэлийн нийт усны хэрэглээний 24 орчим хувийг газрын доорх усны эх үүсвэрээс авдаг. Үүний 18 сая шоо метр усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг юм.
Тэгвэл энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ.
Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх юм.
Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг.
Цаашид үйлдвэрийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, үр өгөөжийг дээшлүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний үнэ, тариф тогтоох, үйлдвэрлэлийн бохирдлыг бууруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газар, яамд, Зохицуулах хороод болон нийслэл хот анхаарах шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.

Мөн уул уурхай, автозам, дэд бүтцийн томоохон төслүүд, хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам, талбайн угаалга зэрэгт дахин боловсруулсан ус ашиглахыг уриаллаа.
АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, “Усны компакт гэрээ нь Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалтаар усыг их хэмжээгээр дахин ашиглах боломж олголоо. Дахин боловсруулсан усны найдвартай эх үүсвэр нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах таатай хөрс, дэд бүтэц болж байна. Олон сорилттой тулгарсан ч манай хоёр улсын инженер, мэргэжилтнүүдийн авьяас чадвар, туршлагыг нэгэн зорилгод чиглүүлбэл бид юунд хүрч чадахыг батлан харууллаа” гэлээ.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Эм Си Эс проперти” шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг БНФУ-ын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компани боловсруулжээ.

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд ирэх тавдугаар сард Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг мөн ашиглалтад оруулна.Хаягдал ус боловсруулах болон Ус гүн цэвэршүүлэх хоёр үйлдвэр нийслэлийн ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлж, газрын гүний цэвэр усны нөөцийг хэмнэх, байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэнэ.

More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...