Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн гурван асуудлаар Төрийн ордонд мэдэгдэл хийлээ. 

Энэ үеэр Оюу толгой төслийн Монголын талд ногддог 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Оюу-Толгой” компаниар дамжуулан 20 сая ам.долларыг албаны нууцын тамга дарж, зарцуулсан талаар түүний ярьсан мэдээллийг хүргэж байна.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: “Эрдэнэс Оюу-Толгой” компаниас нууцын тамгатайгаар 20 сая ам.долларыг Оюутолгой компаниас авсан. Монгол Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр хууль зөрчин албаны нууцад хамааруулсан бүх зөвлөх үйлчилгээний гэрээнүүд тэдгээртэй холбоотой материалыг ил болгох арга хэмжээг авахыг манай яамны төрийн нарийн бичгийн дарга болон “Эрдэнэс Оюу-Толгой” компанийн захирал нарт үүрэг болгосон. 

Засгийн газрын хэрэг эрлэх газарт Тагнуулын ерөнхий газраас 2025 оны есдүгээр сарын 26-ны өдөр хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш хугацаанд төрийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалт боловсруулж, тагнуулын байгууллагаас санал авч баталж байгаагүй болно.

Нэр бүхий төрийн өмчит хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа нууцын дардас тэмдэглэсэн байна. Энэ нь албаны нууцад хамаарахгүй буюу байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу нууцалсан мэдээлэлд хэрэглэж байгаа нь хууль зөрчиж байна, анхааралд авна уу гэдэг бичиг ирүүлсэн. 

зураг

Өөрөөр хэлбэл энэ анхнаасаа нууц биш байсан гэдгийг нотолсон. 

“Эрдэнэс Оюу-Толгой” бол Эрдэнэс Монгол компанийн охин компани юм. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн байгууллагын нууцад хамааруулах мэдээллийн жагсаалтын хавсралтад дээрх яригдсан нууцын тамгатай мэдээлэл байхгүй. Энэ анхнаасаа нууцын тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээлэл байсныг хууль зөрчиж нууцад авсан байна. 

Энэ асуудлыг миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр томилогдоод очсоны дараа дахин нягталж илүү өргөн хүрээтэй авч үзэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Яагаад гэвэл манай яаманд нууцын тамганы дардастай “Эрдэнэс Оюу-Толгой” компанитай холбоотой маш их хэмжээний бичиг баримт байсан. Тиймээс энэ сарын 4-нд ажлын хэсэг байгуулсан. Тагнуулын байгууллагаас энэ сарын 7-нд сая ярьсан материалыг нууцаас ил гаргахыг дэмжиж байна гэсэн бичиг ирсэн.

зураг

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яам болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр байсан албан бичиг, хурлын шийдвэрийг нууцаас гаргах шийдвэр гарсан. Тиймээс би өнөөдөр нээлттэй танилцуулах боломж бүрдсэн. 

Энэ яг ямар асуудал болсон бэ гэдгийг эхнээс нь танилцуулъя. 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор “Эрдэнэс Оюу-Толгой” компанийн ирэх оны төсөвт холбогдох санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тусгуулах арга хэмжээ авахыг тус компанийн гүйцэтгэх захиралд даалгасан.

зураг

Тухайн өдрөөс нэг хоногийн дараа буюу 20 сая ам.долларыг Оюутолгой компани Монголын Засгийн Газарт өгөх шийдвэр гаргахаас нэг хоногийн өмнө манай Засгийн газар яаж зарцуулах вэ гэдэг шийдвэрийг гаргачихсан байсан.

Засгийн газар зарцуулах шийдвэр гаргасны маргааш нь “Оюу-Толгой” компанийн ТУЗ-өөс Монголын Засгийн газарт 20 сая ам.долларыг дөрвөн жилийн хугацаанд жил бүр таван сая ам.долларыг төслийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэхэд гарсан төлбөрт зардлыг хянах гэсэн зориулалттайгаар өгөх шийдвэр гаргасан. Энэ бол нууцын тамгагүй ил мэдээлэл. 

зураг

Энэ 20 сая ам.долларыг нийтдээ 11 багц гэрээгээр зарцуулсан байна. Жишээлбэл 2021 оны аравдугаар сарын 1-нээс 2022 оны аравдугаар сарын 31-ний хугацаанд гадаадын иргэдтэй нэг өдрийн ажлын хөлс нь 5,500 фунт, сард 55,00 фунт, бонус нь 3 сая ам.долларын гэрээ байгуулсан. Юуны бонус гэдгийг мэдэхгүй. Бонусын төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэсэн анхаарал татсан заалтууд байна.

Ричард Боули гэх иргэнтэй нэг өдрийн 2,200 фунт, сарын 33,000 фунт, бонус нь 3 сая ам.доллар, бонусын төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэх гэрээ байгуулсан. 

зураг

Энэ дотор олон нийтэд хэрэгтэй нь Аттикус гэх компанийн тухай яръя. Аттикус компанитай 2022 оны гуравдугаар сарын 21-нээс 2023 оны гуравдугаар сарын 21-ний хүртэл гэрээ байгуулсан. Эхний гурван сард 500 мянган ам.доллар, үүнээс 305,000 ам.доллар нь халааснаас гарах шууд зардал гэх нэртэй байна. 

Дахиад 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны долоодугаар сарын 1-н хүртэл 500,000 ам.долларын гэрээ байгуулсан. 320,000 ам.доллар нь халаасны мөнгө. 2023 оны гуравдугаар сарын 16-наас 200 мянган ам.долларын гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэлт гэрээ хийгээд байгаа. 2023 оны аравдугаар сарын 1-нээс 2024 оны долоодугаар сарын 1-н хүртэл 500,000 ам.доллар гэрээ байгуулсан, 140,000 ам.долларыг халаасны мөнгө гэж өгсөн. 

Энэ гэрээг ямар зорилготой байсан бэ гэвэл Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн наадам, Invest Mongolia, Оюутолгойн олон улсын нэр хүндийг нэмэгдүүлнэ, Монголыг дэлхий дахинд ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын шилдэг туршлагыг хэрэгжүүлдэг талаар сурталчлах, хэвлэлийн албан дэмжлэг, сэтгүүлчидтэй харилцах гэж байгуулсан. Маш ерөнхий нөхцөлтэй, гэрээ гэж хэлэхэд хэцүү бичиг баримт үйлдэгдсэн. Хоёр талд харилцан зуралцсан, санал солилцсон, гүйцэтгэх захирлын гарын үсэг эргэлзээтэй гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн. 

зураг

2021 оны аравдугаар сарын 1-нээс 2022 оны аравдугаар сарын 31-ний хооронд Мауриш Даффи гэх хүнтэй 715 мянган фунтийн гэрээ хийсэн. Ричард Боули гэх зөвлөхтэй 429 мянган фунтийн гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл жилийн хугацаанд 1.3 сая фунтийн гэрээ хийгдсэн. 

Аттикус компанитай 2022 оны гуравдугаар сарын 1-нээс 2023 оны аравдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд дөрвөн удаагийн гэрээгээр 1.1 сая ам.долларын гэрээ байгуулсан. 

зураг
зураг

Аттикус компанитай хийгдсэн гэрээний анхаарал татаж байгаа зүйл нь талуудын эрх үүргийн хувьд тэнцвэргүй, зөвлөхөд давуу эрх олгосон, гэрээгээр хийгдэх ажил төлбөрийн бүтэц, биелэлтийг дүгнэх нь тодорхойгүй. 

зураг

Аттикус компанийн 1.7 сая ам.долларын тайланг нууцын тамгатай ирүүлсэн. Тайлангаас авч үзэхэд Монгол Улсын эрх зүйн байдлыг дордуулсан, төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлөхүйц эрсдэл бүхий гэрээнүүд болжээ гэж урьдчилсан дүгнэлт гарсан. 

Дөрвөн удаагийн тайланд “Монгол хаан” жүжгийг олон улсад сурталчилсан гэдэг зүйл ирүүлсэн. Хэрэв Аттикус компани “Монгол хаан” жүжгийн олон улсын сурталчилгааг Эрдэнэс Оюу-Толгой компанийн санхүүжүүлэлтээр хийсэн бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн эзэмшлийн хамаарал бүхий ашиг сонирхол бүхий компанийг санхүүжүүлсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйл баримт нотлогдоно. 

Тайлангаас авч үзэхэд Ерөнхий сайдын гадаад айлчлалыг зохион байгуулсан гэдэг зүйл ирээд байгаа. Тэр байтугай Англи улсад бүртгэлтэй гэх хоёр хүний эзэмшилтэй энэ компаниас Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд, Соёлын сайдын гадаад айлчлалыг зохион байгуулсан, хэлэх үгийг бэлдсэн, википедиа янзалж өгсөн гэдэг тайлан ирүүлсэн. 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн гадаад айлчлал, түүний хөтөлбөр, ярианы сэдэв маш нууцын зэрэглэлд байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн гадаад айлчлалыг зөвхөн Гадаад харилцааны яам зохион байгуулдаг. Манай Гадаад харилцааны яам ийм компанитай хамтран ажиллаж байгаагүй гэдгээ нотолж мэдэгдэл гаргасан. 

Аттикус компанитай байгуулсан гэрээний урьдчилсан байдлаар дүгнэхэд анхан шатны баримтаар нотлогдохгүй, юунд зарцуулагдах нь тодорхой бус 765 мянган ам.долларыг халааснаас гарах зардал гэж байгаа юм. Гэрээний тогтмол төлөгдөх төлбөрийн бүтцэд оруулж шилжүүлсэн. Мөн нэг ажлын гүйцэтгэлд хоёр ижил гэрээг шууд хамааралтай этгээдүүдтэй байгуулж давхар төлбөрийн үүргийг бий болгосон зэрэг эдийн засаг болон хууль зүйн илт үндэслэлгүй байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.

зураг

Гадаад харилцааны яамнаас гадуур Монголын аль нэг сайд гадаад улсын ямар нэг компанитай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын гишүүдийн гадаад айлчлалыг зохион байгуулсан арга хэмжээ хийсэн, санхүүжүүлэлт өгсөн үйл баримт нь зөвхөн мөнгө угаах шинжтэй үйлдэл биш Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд харшиж болзошгүй үйлдэл гэж үзэж байгаа. 

Гэрээнд гарын үсэг зурсан Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тамга дарж баталгаажуулсан эх хувь байгаа эсэх, гэрээг байгуулах зөвшөөрөл байгаа эсэх нь тодорхойгүй байгаа.

зураг

Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулж, энэ хорооны тогтоолоор “Тамгагүй төр” жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. Санхүүжүүлэлтэд хэдэн төгрөг гаргасан бэ гэдгийг хөөж үзсэн. Дээрх үндэсний хорооны үйл ажиллагаанд зориулаад 2024 онд нийтдээ 6.2 тэрбум төгрөг гарсан. Одоогийн байдлаар 6.5 тэрбум төгрөг уг тогтоолын дагуу санхүүжсэн. Энэ санхүүжүүлэлтийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг би өнөөдөр өгнө. 

зураг

Энэ асуудалтай холбоотой нууцын тамгатай олон бичиг олдсон. Өчигдөр тушаал гаргаж ил болгосон үйл баримтаар 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хаалттай хуралдаанд Д.Амарбаясгалан дарга энэ асуудлыг танилцуулсан. Тухайн өдрийн хаалттай хуралдаанд холбоотой асуудлыг ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо танилцуулсан байгаа. 

Д.Амарбаясгалан дарга асууж байгаа “Засгийн газраас шууд ингээд шийдвэр гаргахад Тагнуулын байгууллагаас дүгнэлт гарсан уу” гэж. Үүний хариуд Б.Солонгоо “Тагнуулын байгууллагаас хоёр дүгнэлт гарсан. Бид нар гарсан дүгнэлтийг авахаар өгсөн. Өчигдөр бараг гарчихсан гэж байсан. Анх тагнуулаас бичиг авч энэ гэрээг байгуулж байсан. Түүнээс хойш гэрээг сунгах асуудалд татгалзах зүйлгүй гэдэг бичгийг Тагнуулаас хоёр ч удаа өгчихсөн байгаа” гэсэн. Энэ үед шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хурал удирдаж байсан.

Хууль зөрчсөн асуудлууд нь сонгуулийн дараа ил болох вий гэдэг агуулгаар гурван жилийн өмнө гарчихсан байсан энэ их мөнгийг гаргах шийдвэрийг гурван жилийн дараа Засгийн газраас нөхөж тэмдэглэл гаргуулсан гэдэг нь доорх баримтуудаар нотлогдож байгаа.

зураг
зураг
зураг
зураг
зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Ж.Чинбүрэн: Энэ ондоо багтаж 1,9 сая ирэх онд 2,5 сая болгоно
Next post Хоошёорюү Оносатог нэхэж байна