МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай “Дурсамж дүүрэн улирал” дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ.
-Дуучин Цогсогмаатай хамтарч дуулсан “Дурсамж дүүрэн улирал” дууны клипийн талаар ярилцлагаа эхлэх үү?
-“Соёл-Эрдэнэ”-ийн “том” Жагаа ахын ая, Баярбаатарын үг “Дурсамж дүүрэн улирал” дууг анх 2003 онд “Хоёр хүү” хамтлагтай хамтарч дуулж байлаа. Тухайн үед хит парадыг нэлээн удаан тэргүүлж байсан, дурсамжтай, түүхтэй дуу л даа. 22 жилийн дараа буюу энэ жил Цогсогмаа дуучин маань надтай хамтарч шинэчилсэн хувилбараар дуулах санал тавиад, “Хувьс медиа” студийн залуусаар шинэ хувилбараа хийлгэсэн. Харин Дөлгөөн гэдэг залуу шинээр найруулсан. Маш гоё орчин үелэг, электро хөгжмийн маш гоё дуугаралт нь бид хоёрт үнэхээр их таалагдсан шүү. Энэ дуу маань дөрвөн бадагтай учраас Цогсогмаатайгаа дуулахад маш сайхан байлаа. Клипэндээ хайртай, дотнын найзуудаа бид хоёр урьж тоглуулсан.

-Яагаад Цогсогмаатай хамтарч дуулах болов? Цаашид та хоёр дуэтлэх үү?
-Цогсогмаагийн тавьсан саналын үндэс дээр шинэ, залуу дуучнаа дэмжээд хамтарсан л даа. Цаашид бид хоёр хамтарч дуулах эсэхийг хэлж ёстой мэдэхгүй юм. “Дурсамж дүүрэн улирал” дуу маань хүмүүст хэр хүрэх нь тодорхой хугацааны дараа мэдэгдэх биз. Яг одоо бол бид хоёрт дараагийн уран бүтээл гээд бэлдсэн юм алга.
–Та эмэгтэй дуучидтай хамтарч дуулаад байдаггүй санагдах юм…
-Тийм ээ. Гэхдээ УГЖ, Зууны манлай дуучин Сарантуяагийн тоглолтод гэнэтийн бэлэг болгох үүднээс “Сэтгэл догдлуулсан орой” дууг нь хамтран дуулж байлаа. Түүнээс биш сонсогчдод зориулж уран бүтээл хийгээд цацаж байгаагүй. Харин эрэгтэй дуучидтай хамтарсан дуэт дуу олон бий. Дуучин BX, Буянаа, “Камертон”-ы Эба, Ганаа, “Хөх тэнгэр”-ийн Даашка ах, Драмын театрын жүжигчин Эрдэнэбилэгтэй хамтарч дуулсан. Өөрийнхөө зохиосон “Чиний гараас атгана” дууг A Cool-тэй дуэтэллээ.

-Шинэ уран бүтээлдээ орсон гэж болох уу?
-Ер нь уран бүтээлээ аажим аажмаар зогсолтгүй хийж байгаа. Энэ жилийн гуравдугаар сарын 6-нд “Ээждээ хайртай” тоглолтоо хийлээ. УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийж түүхэнд бичигдсэндээ баяртай байгаа. Суурин дээр нь өөр байшин сүндэрлэн босож байгааг уншигчид маань мэдэж буй биз ээ. Надад ажил амьдрал, үр хүүхэд гээд маш олон зүйл бий тул аль алийг нь балансалж, тэнцвэржүүлэхийн хажуугаар чанар чансаатай, сайн уран бүтээл гаргахыг хичээж явна даа.
-Шинэ цомог, шинэ тоглолт гээд цуврах уу?
-2026 онд бодсон, төлөвлөсөн зүйл байгаа. Мэдээж шинэ уран бүтээл, шинэ клип гарна. Магадгүй сонсогчид маань хүсвэл шинэ тоглолт хийхийг үгүйсгэхгүй. Одоогоор дээр дурдсан “Чиний гараас атгана” дуугаа дүрсжүүлэхээр ажиллаж байна даа.
–Та уран бүтээлээ он оноор нь төлөвлөдөг үү?
-Нэг их тэгж төлөвлөдөггүй ээ. Бодож байгаад л хийчихдэг юм. Ер нь уран бүтээлч хүн учраас сэтгэл хөдлөлөөсөө болоод заримдаа “Энийг одоо шууд хийчихье” гээд маш хурдан шийдэлд хүрэх ажлууд гарч ирдэг л дээ. Бас зарим нэг ажлыг наанаас нь төлөвлөж, хийж бэлдэнэ. Тэгэхээр янз бүр гэсэн үг.
-Энэ жил урлагийнханд тэр тусмаа рок, попынхонд тун хүнд хэцүү болж байна…
-Хүндтэй эрхмүүд, хайртай хүмүүс маань таалал төгссөн маш хүнд хэцүү жил болж байна даа. Ард түмэн маань тэдгээр эмгэнэлт явдлыг, уй гашууг бидэнтэй хамт хуваалцаж байгаа. Бид бүхэн ард түмэнтэйгээ дуулдаг, тэднээсээ эрч хүч авдаг ард түмний л уран бүтээлчид шүү дээ. Хайртай олон эрхэм маань бурхны орныг ойр ойрхон зорьсон он жил дахиад битгий тохиолдоосой, бүгдээрээ урт удаан насалж, эрүүл энх байгаасай гэж хүсэж залбирдаг даа. Харамсалтай нь хорвоогийн жам болохоор яалтай ч билээ.
-Сүүлийн үед соло эмэгтэй дуучид шинээр гарч ирэх нь багасаа юу?
-Яг тэгж хэлж арай болохгүй байх. Ер нь гарч ирж байгаа л болов уу. Чанар чансаатай, урт удаан настай дуу хийж, ард түмэнд хүргэж чадахгүй байгаа тул шинэ соло эмэгтэй дуучид төдийлөн харагдахгүй байж мэднэ. Түүнээс биш маш олон уран бүтээлч гарч ирж байгаа, дуулж байгаа, юмаа хийж байгаа. Миний хувьд чанар чансаатай, сайн бүтээл хийсэн залуу дуучид гарч ирээсэй гэж хүсэж байна.

-Рок попод хөл тавиулсан анхны багшийнхаа талаар яриач…
-Анх рок попод хөл тавиулсан багш маань гэвэл миний хоолойг тавьсан багш АЖ, дуурийн дуучин Бүтэд гуай, Найдалмаа гуай хоёр. Тэд дасгал уншуулж, хоолойг маань тавьж өгсөн. Харин надад нөлөөлж, урам зориг хайрласан хүн бол СГЗ, хөгжмийн зохиолч, “Хөх тэнгэр” хамтлагийн “сахал” Пүүжээ буюу Гэсэрийн Пүрэвдорж багш. Энэ хүн долоон настайд маань хөгжмийн долоон эгшиг заасан, маш их мэдлэгтэйгээс гадна миний анхны уран бүтээл болох “Би явлаа”-г зохиосон, бусад хөгжмийн зохиолчтой холбож өгсөн, рок попод хөл тавихад маш их хувь нэмэр оруулсан. “Black&White” жааз хамтлагтай намайг дуулуулж, бид амьд хөгжмийн “Ривер саундс” клубт долоо хоногт хоёр удаа тоглодог байлаа. Ингэж тоглодог байсан маань дуучин болоход, өнгөө алдахгүй дуулахад маш том бэлтгэл сургууль болсон гэж би боддог.
-Анх тайзан дээр гарсан үеэ эргэж дурсаач…
-Урлагийн сургуульд орчихсон учраас долоотойгоосоо тайзан дээр гарч, шалгалтаа өгч байсан гэсэн үг л дээ. Харин тавдугаар ангидаа анх дуулж тайзан дээр гарсан. Тэгэхэд Хүүхдийн ордонд болсон ая дуу зохиогч багачуудын уралдаанд үг, аяыг нь зохиосон “Хөгжмийн аялгуу” дуугаараа оролцож, ахлах ангийнхантай өрсөлдөөд, гранпри хүртэн, түрүүлж байлаа. Дараа нь одоогийн МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлэгт энэ дуугаа дуулж оролцсон минь цаашид “Охид” хамтлагаа байгуулан дуулах, ганцаараа соло уран бүтээл хийх, өнөөдрийг хүртэл уран бүтээлээ хийгээд явах гол үндэс суурь болсон юм болов уу.
-Тэр үеийг одоогийнхтой харьцуулбал их ялгаатай байх л даа…
-Өө тэгэлгүй яах вэ. Одоо бол бүх зүйл бэлэн шүү дээ. Хэрвээ продюсертэй, ямар нэг продакшны артист болчихвол тайзан дээр гарах маш амархан болсон. Дуу бичүүлж, дуулах хүртэл маш амархан болсон шүү дээ. Шинэ залуу дуучид маань уран бүтээлээ ингээд л хийгээд явчихдаг болсон байна билээ. Өөрсдөө дуугаа шууд зохиогоод, газар дээр нь том студид бичүүлээд, бараг клипний зургаа авчихдаг болсон. Намайг анх дуулж байхад ерөөсөө тийм байгаагүй. Бүх юм нарийн зарчмаар явна шүү дээ. Хоолойгоо, хөгжмөө бичүүлдэг, студиуд ч гэсэн бичигч хальсан дээр дуугаа бичдэг, маш их хөдөлмөр, цаг нар зарцуулж хийдэг байлаа. Тийм ч учраас дээр үеийн дуунууд магадгүй илүү урт удаан, хүмүүст илүү хүрдэг байсан биз.
-Танд шавь бий юу?
-Байхгүй ээ. Улсын уралдаан тэмцээнд миний дууг сонгож дуулаад орж байсан ганц хоёр хүүхдэд зөвлөгөө өгч байсан удаа бий. Тэднийг гарын шавь гэж хэлэхгүй байх аа.
-Ингэхэд урлагт хэдэн жил зүтгээд байна вэ? Уналт, сэргэлт аль аль нь тохиолдож байв уу?
-28 жил болж байна. Удахгүй 30 жил болох нь ээ. Мэдээж оргилдоо хүрсэн үе ч байлаа, энгийн үе ч байсан. Яагаад вэ гэхээр хүний амьдрал циклийн дагуу эргэлдэж явдаг болохоор тэрний дагуу л явж байгаа гэж боддог. Гэхдээ бүр тэгж унаад байсан үе байхгүй, ер нь хэвийн гэх юм уу. Одоо бол урлагтаа нэр хүндтэй, рок попынхон маань намайг маш их хүндэлдэг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг шиг зөв л явж байсан учраас бас амьдрал, урлаг маань намайг ивээж, урлагийнхаа буянаар өнөөдрийн энэ өндөрлөгт, зэрэгт хүрсэн гэж боддог.
-Поп диванууд зайгаа тавьж өгөх болоогүй нь дуучин Ариунаагийн тоглолтоос мэдэгдсэн…
-Ариунаа эгчийн маань тоглолт асаж бадарсан маш гоё тоглолт болсон. Тэр үнэхээр эрч хүчтэй, хөдөлмөрч, дайчин, мундаг эмэгтэй болохоо дахин тамгалж чадлаа. Төв цэнгэлдэхэд нэг биш нэлээн хэд тоглолоо. Үүнд бид бүхэн, рок попынхон маань, эмэгтэй дуучид маань маш их баяртай байгаа.

-“Нисванис”-ын Энх-Амгалан та хоёрыг УГЖ-д нэр дэвшүүлэхэд хүмүүс их дуртай юм билээ…
-Баярлалаа. Амгаа ах маань зөндөө олон уран бүтээл хийсэн. Рокынхон дундаа нэлээн хүндтэй байр суурь эзлэх тийм хүн гэж би боддог. Бас “Номин Талст”, “Сүнс” хамтлагийн одоо ч дуулж явж байгаа дуучдыг гавьяатад нэр дэвшүүлэхэд буруудах юмгүй ээ.
-Та яагаад хийлч болов? Багаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байсан уу?
-Багаасаа л урлагийн хүн болохыг боддог, хүсдэг байлаа. Би урьдны ярилцлагууддаа ярьсан даа, ятгын хатан хаан, УГЖ Мөнх-Эрдэнэ манай байранд амьдардаг байсан гэж. Эгч нартай маань найз болохоор манайхаар орж гарна. Тэгээд нэг удаа “Дүүгээ урлагийн хүн болгооч” гэсэн санал тавихаар нь Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын ангид шалгуултал “Хуваарь нь дуусчихсан. Хийлийн анги байна” гэсэн. Би ч “Хийлийн ангид оръё. Хийл бас л гоё хөгжим шүү дээ” гэж бодоод хийлийн ангид орсноор хийлч болох гараагаа тавьсан даа.
-Удамд тань урлагийн хүн бий юу?
-Ээжийн минь талд Булган аймгийн Түдэв хуурч гэж байсан. Энэ хүний удам угсаа гэж явдаг. Тэгэхээр манай удамд урлагийн хүн байгаа гэж болно. Харин аавын маань сайхан дуулдаг, хөгжимдөг байсан авьяас, ген надад нөлөөлсөн болов уу гэж боддог л юм.
-Хөгжим бүжгийн хүүхдүүд хагас цэрэгжилтийн сургалттай байсан гэдэг…
-Цаг наргүй хичээллэдэг байсан гэхээр тэгж ойлгож болох л доо. Би өглөө найман цагт гараад л их орой гэрийн бараа хардаг байсан. Сургууль дээрээ хөгжмөө давтана, нарийн мэргэжлийн бусад хичээл орно. Бас ерөнхий эрдмийн хичээлүүд. Оркестр, ансамбль, төгөлдөр хуур, найрал дууны гээд л хичээлүүд орно доо.
-Танай ангиас олны танил хүмүүс хэр төрсөн бэ?
-“Алтан ураг” хамтлагийнхан манай анги. Бас “Sweetymosion” хамтлагийнхан байна. Ер нь бол анх миний байсан “Охид” хамтлаг шүү дээ.
-Хөгжим бүжгийн хөөрхөн охидыг гаднын хөвгүүд их эргүүлдэг байв уу?
-Гаднын сургуулийнхан эргүүлье гэсэн ч бидэнд эргүүлүүлэх, уулзах, болзох зав байгаагүй. Тиймээс ямар ч гаднын сургуулийн хүүхэдтэй уулзаж чаддаггүй байсан. Сургууль дотроо хүүхэдтэй үерхэж чадахгүй тийм завгүй байхад чинь юун гаднын сургуулийнхантай найзлах, эргүүлүүлэх вэ. Тийм л байсан даа.
-Нууц биш бол хайрын анхны захиаг хэдэн настайдаа авав?
-Энэ тухай урьд урьдны ярилцлагууддаа би ярьж байсан л даа. Зургадугаар ангид орсон жил манай сургуульд циркийн анги нэмэгдсэн юм. Циркийн ангийн нэг банди хос хун зурчихсан тийм захиа надад өгсөн ч би хариу өгөөгүй ээ. Угаасаа үерхэхгүй нь тодорхой байсан.
Тэр л миний авсан хайрын анхны захиа.
-Та бас кино урлагт хүчээ сориод амжсан…
-Хорь гаран настайдаа “Удам” уран сайхны киноны гол дүрийг бүтээсний дараа “Уучлаарай, хайрт минь”, “Тэнгэрийн ивээл” кинонд туслах дүрд тоглосон.
-Кинонд тоглоход хөгжилтэй явдал их тохиолдоо биз? Хөлс мөнгө авсан уу?
-Хөгжилтэй явдал зөндөө тохиолдож байсан, үгээ буруу хэлэхээс авхуулаад л. Зураг авалтын үед бов бор юмаар нүүр будчихдаг, бор крем тавьчихдаг. Тэр крем нь таалагдахгүй, муухай харагдахаар “Ямар муухай юм бэ” гээд гэрийн ард очоод цагаан кремээрээ будчихна. Тэгэхээр “Хүүш ээ, зураг зөрлөө шүү дээ. Юу болгоод хаячихсан юм бэ, нүүр ээ?!” Буцаагаад нүүрийг нь будаарай” гээд л намайг хар болгоод, борлуулна (инээв).
Гэхдээ кинонд тоглосноор нүүдэлчин монгол ахуй, соёлтойгоо илүү ойрхон байж, их зүйл сурч, мэдэж авсан. Наад зах нь морь унаж, үнээ мал сааж сурсан шүү. Хэцүү нь гэвэл мэдээж дуусахгүй үргэлжилсэн зураг авалт. Бас өвлийн улиралд гар, хөлөө хайруулж хөлдөөхөөс өгсүүлээд шантрах зүйл зөндөө байсан. Найруулагчдаа загнуулаад, “Кинонд тоглохоо больё” гээд уйлаад л хотруугаа буцсан удаа ч бий. Дараа нь найруулагч маань утасдаад “За миний хүү хүрээд ир” гэхээр буцаж очин зургаа авхуулаад л (дахин инээлээ).
Эргэж бодохоор хөгжилтэй, дурсамжтай байжээ. Би кинонд тоглоод нэг ч төгрөг авч үзээгүй. Тухайн үед мөнгө ярьж мэддэггүй хүүхэд байж. Кинонд дүрээ мөнхөлнө гэсэн сайхан сэтгэл бас дэврүүн бодлоор өөрөөсөө шалтгаалах бүхнийг зориулаад л тоглосон доо.
-Дэлхийн олон улс оронд тоглосон нь лавтай. Хамгийн таалагдсан газар…
-Урлагийн буянаар дэлхийн олон оронд, хотод тоглосон. Хаана ч очсон монголчууд маань халуун дотно, сайхан хүлээж авдаг. Гэхдээ яг тэндхийн монголчууд, тэнд хийсэн тоглолт илүү сайхан, гоё байсан гэж онцолж хэлэх юм алга. Бүгдээрээ л эх орон, эцэг эх, элгэн садан, монгол дуугаа саначихсан хүмүүс учраас цөмөөрөө л сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, дуулж, уярч, зарим нь уйлж байдаг болохоор гадаадад болдог тоглолт маань Монголд болдгоос илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй, үзэгчид маань тухайн орны соёл уламжлалыг сураад, нээлттэй болдог гэх юм уу тэр талаасаа их сайхан болдог.
-Танд гэнэтийн бэлэг их барьдаг биз?
-Хүмүүс, сонсогчид маань гэнэтийн бэлэг барина аа, барина. Надад хамгийн их бэлэглэсэн зүйл бол цэцэг. Би ч цэцэг хараад маш их баярладаг. Ер нь л цэцэг харахаар аз жаргал маш ихээр ялгардаг гэх юм уу. Цэцэг авахаас хэзээ ч уйдаж байгаагүй, үнэрт нь дуртай. Цэцэг авахаараа их баярладаг. Олон хоног амьдруулахын төлөө маш их хичээж зүтгэн, усалж тордоно. Дээр нь цэцэг тарих дуртай.
-Та бүүвэйн дуугаар магистр хамгаалсан юм билээ…
-“Бүүвэйн дууны судалгаа, түүний онцлог” сэдвээр магистр хамгаалсан. Энэ ажил маань СУИС-ийн номын санд бий. Бүүвэйн дуу гэдэг чинь угаасаа монгол хүний ухамсар юм. Дөнгөж төрсөн монгол хүүхдэд монгол ухамсар суулгах хамгийн эхний дуу бол яалт ч үгүй бүүвэй. Тэгээд энергийн хувьд ч, бэлгэдлээ бодсон ч бүү ай гэсэн утгатай. Маш олон зүйл төрөл байдаг юм билээ.
-Үргэлжүүлж докторын зэрэг хамгаалах уу?
-Цаашдаа докторантурт сурах эсэхээ бага зэрэг хүлээгээд, харзнаад л байна (инээгээд). Докторантурт сурахад нэлээн их цаг зав, хичээл зүтгэл шаардана. Тиймээс эрдэм шинжилгээний ажилтан юм уу багшлахгүй л бол доктор хамгаалах хэрэгтэй ч юм уу даа гэж бодож байгаа. Одоогоор яг таг шийдсэн юм алга.
-Бүүвэйн дуугүй ард түмэн үгүй биз?
-Тийм. Гэхдээ зарим нэг улс орон, үндэстэн бүүвэйн дуугүй юм билээ. Хүүхдээ унтаарай гэдгийг нь бүүвэйн дуу хэмээн ойлгож болно л доо. Бүүвэйн дуу аялаад, бүүвэйлдэг дуу ч бий, бүүвэйлдэггүй дуу ч байдаг юм билээ.
-Та дурсамж ном бичих үү?
-Бичмээр л байна. Юун түрүүнд сайн редактор, сайн бичдэг хүн хэрэгтэй байх л даа. Намтарчилсан дурсамж ном бичвэл урдагийнханд, Монголын орчин үеийн эстрад урлаг сонирхдог хүмүүст, хүүхдүүдэд хэрэгтэй болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ш.Эрдэнэтөр
More Stories
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын...
268 мянган тонн нүүрс 19.3 сая ам доллароор арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая...
60 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн...
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн...
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын Ес зүйн хорооноос Компанийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны гишүүд болон бусад хороо, зарим нэгжүүдийн ажилтнуудын мэдлэг...
Оюутолгойн бүлэг ордтой холбоотой сонсголыг арванхоёрдугаар сарын 8-наас 12-нд зохион байгуулна
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны хуралдаж, Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай, Нотлох баримтыг шинжлэн судлах,...
