Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн болон агентлагийн удирдлагууд, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар өнөөдрийн хуралдаанд оролцов.

Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөний талаар, нийслэлийн эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх шийдэл, Хүннү смарт хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, бүсчлэл, тээвэр ложистик, дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийн явц, нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, хүлэмжийн хийг бууруулах загвар төслийн технологийн шийдлийн танилцуулга, штабын өмнөх хуралдаануудын үүрэг, даалгаврын биелэлт болон цаг үеийн бусад асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.

Багахангай-Хөшигийн хөндий-Шувуун фабрик чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав. 102.5 км гол замын урттай уг бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд бүтээн байгуулалтад 110 орчим аж ахуйн нэгж, 2500 ажилтан оролцож, ирэх гуравдугаар сараас эхлүүлж таван сарын хугацаанд гүйцэтгэх аж. Уг төмөр замыг байгуулснаар Хөшигийн хөндийг түшиглэж байгуулах 150 мянган хүнтэй Хүннү смарт хотын дэд бүтцийг бий болгох, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, ачаа тээврийн төв байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой учир Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл салбар төмөр замын энэ төслийг зайлшгүй шаардлагатай, маш чухал бүтээн байгуулалт учраас дэмжиж буйгаа илэрхийлээд ирээдүйд олох үр өгөөж ихтэй, эдийн засгийг тэлж, ажлын байр олноор бий болох учраас Хөшигийн хөндийг хуурай газрын боомт хот болгож өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлов.

Улаанбаатар хотын төвөөс томоохон зах, худалдааны төвүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх байршлын хувилбарууд болон холбогдох саналтай штабын гишүүд танилцлаа. Мэргэжлийн хүмүүсээ сайн сонсож, хувийн хэвшлээ хүчлэхгүйгээр, нүүлгэн шилжүүлэх газрынхаа дэд бүтцийг бүрэн шийдэж, тохижилт, дэд бүтцийн орчныг нь бүрдүүлж байж нүүлгэх ёстой гэдгийг Ерөнхий сайд анхааруулав.
Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төвийг байгуулж, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто замуудад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулсан байна. Ингэснээр өдөрт нэг сая, сард 30 сая зөрчил илрүүлж, баталгаажуулах техникийн боломжийг бүрдүүлжээ. Улаанбаатар хотыг бүрэн камержуулах технологийн шийдлийг хэрэгжүүлэхийг Шуурхай штабын анхны хуралдаанаас үүрэг болгосон юм. Үүнийг шийдвэрлэхэд AI технологийн шийдлийг ашиглаж, цагдаа, онцгой, тагнуул зэрэг хууль хяналтын бүх байгууллагатай холбож дуусжээ. Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож эхлэхээр төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжиж, зорчигч тоолох системийг нэвтрүүлснээр төлбөрийн карт уншуулсан тоотой тулгах боломжтой болсон байна. Ингэснээр Улаанбаатар хот камерын хяналтын системд АI технологиор бүрэн шилжиж, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дууссаныг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдал, тулгамдсан асуудлын талаар Эрчим хүчний яамнаас танилцуулав. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 90 хувийг нийслэлчүүд хэрэглэдэг, мөн цахилгааны өртөг, үнэ тарифын асуудал зэрэг олон хүчин зүйлээс болж чадлын дутагдалд орж байгаа аж. Тиймээс цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дамжуулах шугам сүлжээг өргөтгөх, 2025-2026 онд Богд, Дамбаржаа, Сонгино, 1-р хороолол зэрэг хэд хэдэн дэд станцыг шинээр байгуулна. 2029-2032 онд шинээр ашиглалтад оруулах дэд станц, агаарын шугамын хэд хэдэн төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 1000 МВт эрчим хүч хэрэглэж байгаа бол 2035 он гэхэд одоогийн хэрэглээ гурав дахин өснө. Тэгэхээр 2035 он хүртэл нийслэлийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд зөвхөн шугам сүлжээг нэмэгдүүлэхэд зориулж хоёр тэрбум ам.доллар шаардлагатай. Эрчим хүчний эх үүсвэрээс гадна түгээлт, дамжуулах дэд бүтцээ энэ хэмжээний хөрөнгө оруулалтаар давхар шийдэхээр төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт хийж, 2040 оны ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа утаа, түгжрэл зэрэг өнөөдөр үүссэн асуудал бүрийг цогцоор нь тусгаж, суурь судалгаанд үндэслэж өнөөгийн хүндрэлийг шийдэх, яам агентлагууд, төрийн бусад байгууллагууд, нийслэлтэй бодлогоо уялдуулж, өмнөх 30 жилд гаргасан алдааг дахиж давтахгүй байхад анхаарах ёстой гэдэгт штабын гишүүд санал нэгдлээ.
Улаанбаатар хотын хөгжлийг уртаар төлөвлөхдөө Шуурхай штаб дээр яригдсан асуудал бүрийн уялдааг салбар бүрд хангаж, хамгийн гол нь олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаа оролцуулж чадвал хамгийн сайн төлөвлөгөө болдог олон улсын жишигтэй. Үүнийг заавал харгалзаж шийдвэр гаргах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чухалчлав. Олон улсын дүрмийн дагуу сонгон шалгаруулалтаа зарлаж, шинжээчдийн санал, дүгнэлтэд тулгуурлаж Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байгаа гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байв.
Шуурхай штабын дөрвөн удаагийн хурлаас гаргасан шийдлүүд, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн асуудал бүрийн мониторингийг дараагийн хурлаар хэлэлцүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг тодорхой болгохыг Ерөнхий сайд холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...