Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байв. Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм.
Одоогоор манай улсын 10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна. Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. МҮХАҮТ, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулахаар боллоо.Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм.
“Таванбогд солюшнс” ХХК, “Монгол базальт” ХК, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс” зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ хэлцэл хийсэн байна. Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг “NURA” төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм. Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа. Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.
Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах шийдэмгий алхам авч байна. Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ. Өнгөрсөн оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.
Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог юм.


More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...