Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.Mирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Мөн хоёр ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо
Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв.
Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотоллоо. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Узбекистан Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй буйгаа тэмдэглэв.
Төрийн тэргүүн нар “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов.
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.
Талууд тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсныг сайшаав.
Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
Айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулж буй “Монгол-Узбекистаны бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг сайшааж, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулахаар тогтов.
Узбекистан Улсад олон зуун монгол залуус дээд боловсрол эзэмшсэнийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг их, дээд сургуульд харилцан сургах, боловсролын салбарын уламжлалт харилцаагаа сэргээн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
Монголын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрүүл мэндийн “Нура” оношилгооны төвийг Ташкент хотноо нээж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ харилцан нотлов.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистан Улсын “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар санал нэгдэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...